
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабаас мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 76 вагон-цистерн буюу 4560 тонн автобензин нийлүүлжээ.
Үүнээс Улаанбаатар хотын 218 шатахуун түгээх станцад 1950 тонн, орон нутгийн 56 шатахуун түгээх станцад 600 тонн автобензин түгээсэн байна.
Мөн өнгөрсөн 48 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд шатахуун түгээх станцуудын 90 орчим хувийг хэвийн ажиллуулах арга хэмжээг холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран шуурхай хэрэгжүүлжээ.
Шатахууны татан авалтыг нэмэгдүүлэх хүрээнд ОХУ болон БНХАУ-аас импортолж буй бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэхэд “Улаанбаатар төмөр зам”, Зам, тээврийн яам хамтран ажиллаж байгаа бол Гаалийн ерөнхий газраас вагон-цистернүүдийн гаалийн бүрдүүлэлтийг богино хугацаанд хийж, саадгүй нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Үүний үр дүнд шатахуун түгээх станцуудын очер, дугаарлалт харьцангуй багасаж, түгээлт хэвийн түвшинд хүрч байгаа аж.
Шуурхай штабаас өнөөдөр болон маргааш шатахууны нийлүүлэлт, түгээлтийг улам сайжруулахад анхаарч ажиллах бөгөөд цаашид орон нутаг, тэр дундаа сумдын шатахууны хангамжид онцгой анхаарал хандуулна гэдгийг мэдээллээ.
Видео:









