
“Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй 100 сургууль” санаачилгын хүрээнд сургууль бүрийг хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлсэн байх чиглэлээр ажиллаж байна.
Энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлсэн “Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль” бодлогын хүрээнд 45-аас дээш сурагчтай 1000 гаруй анги байгаагийн 80 орчим хувийг зохистой хэмжээнд шилжүүлэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Үүний зэрэгцээ хүүхэд сурч, хөгжих орчин нь ногоон, эрүүл, аюулгүй, ухаалаг байх шаардлагатай гэж үзэж байна.
Сургуулийн барилга байгууламжийн дулаан алдагдлын талаар хийсэн судалгаагаар сургуулиудын зарим нь 50 орчим хувийн дулаан алдагдалтай байгаа нь тогтоогджээ. Мөн орон нутагт модоор галлаж халаалтаа шийддэг сургууль байсаар байна. Тиймээс сургуулийн халаалтыг модоор шийддэг байдлыг халж, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдэлд шилжүүлэх шаардлагатайг онцолж байна.
Харин “эрүүл сургууль” гэдэг нь эрүүл ахуйн шаардлага гэдэг нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, хоол тэжээлд цогцоор нь анхаарах орчин бүрдүүлэхийг хэлж байна. Энэ хүрээнд сургууль бүр эмч, сэтгэл зүйч, хоол зүйчтэй болох чиглэлээр ажиллаж, сургуулийг хүүхдийн “аюулгүйн тойрог” болгохоор зорьж байна.
Мөн “ухаалаг сургууль” гэдэг нь сургалтын орчинд технологи, тэр дундаа хиймэл оюун ухааны боломжийг ашиглахыг хэлж байна. Цаашид сурагч бүр хиймэл оюун ухаанд суурилсан туслах багштай байх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
“Аюулгүй сургууль” нь сургуулийн дотор төдийгүй гаднах орчинд хүүхэд аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Үүнд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт болон хүүхдийн сэтгэл зүйн эрсдэлийг бууруулах арга хэмжээг багтаажээ.
Энэ хүрээнд есдүгээр сарын 1-нээс сургуулийн сургалтын үйл ажиллагаанд ашигладаг зарим цахим платформын хэрэглээг зохицуулж, тухайлбал гэрийн даалгаврыг групп чатад өгөх зэрэг зохисгүй практикийг халж эхэлж байна.
Мөн сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн орчныг сайжруулах ажлыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар 1200 орчим нүхэн жорлонг халсан байна. Цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх ажлыг мөн хийж байгаа бөгөөд аравдугаар сарын 1-нээс бүх сургууль, цэцэрлэг нүхэн жорлон ашиглахгүй байх зорилт тавьжээ.
Орон нутагт ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотойгоор зарим хүндрэл гарч, цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөг түгжих тохиолдол ч гарч байгаа аж. Үүнтэй холбогдуулан аймаг, сумдын Засаг дарга нарт шаардлагатай чиглэл өгч, хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Видео:









