
Засгийн газрын хуралдаанаар Өгөгдлийн тухай хуулийн төслийг эцэслэн шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад өгөгдлийн төв, тэр дундаа хиймэл оюун ухааны дэд бүтцийг хөгжүүлэх нь эдийн засгийг төрөлжүүлэх нэг боломж гэдгийг Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд онцоллоо.
Тэрбээр Монгол Улс том газар нутагтай, эрчим хүчний нөөцтэй, мөн сэрүүн уур амьсгалтай зэрэг нь дата төв хөгжүүлэхэд давуу тал болохыг хэлэв. Дата төвийн томоохон зардлын нэг нь хөргөлт байдаг бөгөөд Монголын хүйтэн уур амьсгал нь энэ зардлыг бууруулах боломжтой аж.
Мөн дата төвүүдийг хөгжүүлснээр эрчим хүчийг шууд экспортлохоос гадна өгөгдөл болон тооцоолох хүчин чадлыг шилэн кабелиар дамжуулан экспортлох боломж бүрдэх юм. Энэ нь уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг шинэ салбараар төрөлжүүлэх боломж гэж үзэж байна.
Ялангуяа хиймэл оюун ухааны эрин үед зөвхөн программ хангамжаар бус, тооцоолох хүчин чадал, дата төв зэрэг дэд бүтцээр өрсөлдөх шаардлага бий болж байгааг Шадар сайд онцоллоо. Дата төвүүдийг найдвартай, тогтвортой, боломжит хэмжээнд цэвэр эрчим хүчээр 24 цагийн турш ажиллуулах нь чухал гэдгийг мөн дурдав.
Түүнчлэн дата төвийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахын зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн хамгаалалтыг хангах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Шадар сайд Т.Доржханд COP17-г Монгол Улсад зохион байгуулж байгаа нь ногоон эдийн засагт чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах томоохон боломж гэдгийг тэмдэглэлээ. Мөн ирэх долоо хоногт НҮБ-ын дээд хэмжээний чуулган болохтой холбогдуулан Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, боломжийг олон улсад таниулах нөхцөл бүрдэж байгааг хэлэв.
Видео:









