
Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж, Монгол Улсын шатахууны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох талуудтай уулзалт, хэлэлцээ хийж байгаа юм.
Тус томилолтын хүрээнд Монгол Улсад энэ наймдугаар сард нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, мөн 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцоод байгаа билээ. Ингэснээр дотоодын шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үүсээд буй эрэлт, хангамжийн асуудлыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой гэж үзэж байна.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэхдээ нэмэлт шатахууны ачилт хийгдэж, Монгол Улсад ирэх хүртэл хэд хоногийн хугацаа шаардлагатайг онцоллоо.
Тэрбээр “Нэмэлт ачилтууд иртэл цөөн хэд хоног болж таарна. Гэхдээ наймдугаар сард нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 гэдэг бол хангалттай хэмжээ. Дугаарлах шаардлагагүй болно” хэмээн мэдээлсэн байна.
Өөрөөр хэлбэл, ОХУ-аас нэмэлтээр нийлүүлэх 25 мянган тонн АИ-92 автобензин нь наймдугаар сарын дотоодын хэрэгцээг хангахад тодорхой дэмжлэг үзүүлж, шатахуун түгээх станцууд дээр үүсээд буй урт дараалал, дугаарлалтыг бууруулахад чухал ач холбогдолтой аж.
Шатахууны нэмэлт нийлүүлэлт хэзээ хийгдэх, улмаар дотоодын зах зээлд хэзээнээс тогтвортой нийлүүлэгдэж эхлэх нь иргэдийн анхаарлын төвд байна.







