
“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хурдан морины уралдаанд амжилт гаргасан уяачдад цом, гэрэгэ гардууллаа.
Олон улсын уралдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, Тод манлай уяач Д.Дагвадоржийн Хонгор азарга аман хүзүүнд хурдалж, уяач Д.Дагвадорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит анхны мөнгөн гэрэгэгээ гардан авсан байна.
Тод манлай уяач Д.Дагвадорж энэ жилийн баяр наадмыг “Дэлхийн адууны өдөр”-тэй хамтатган олон улсын цомын уралдаан зохион байгуулсан нь Монголын адууны өв соёлыг дэлхийд сурталчлахад чухал ач холбогдолтой болсныг онцоллоо.
Тэрбээр “Монгол Улс төрийнхөө сүлдэнд морио залсан дэлхийн цорын ганц улс. Энэ уламжлал, өв соёлоо дэлхийд харуулах боломж бүрдлээ. 15 мянган морьтон жагсаж, адууны өв соёлоо хэрхэн хадгалж, хөгжүүлж байгаагаа харуулсан. Цаашид энэ өдрийг жил бүр тэмдэглэснээр уралдааны төрөл, цар хүрээ өргөжиж, монгол адууны өв соёл дэлхийд түгэх эхлэл тавигдлаа” хэмээв.
Уралдаанч хүүхэд Б.Чинбишрэл хурдан морь унахын онцгой мэдрэмжийн талаар ярихдаа олон түрүү, айраг хүртсэнээ дурдаад “Морь унах их сайхан. Морио мэдрээд явчихвал өөрөө давхиад л байдаг” хэмээлээ.

Харин Тод манлай уяач Д.Даваахүү “Монгол адуу олон зууны өмнө дэлхийн талыг тамгалж, эзэнт гүрнийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Тэрхүү түүх, өв соёлыг эргэн сануулж, дэлхий нийтэд түгээж байгаад талархаж байна” гэв.


“Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд Монголын хурдан морины өв соёл, уламжлалыг олон улсад сурталчлах зорилготой уралдаан зохион байгуулж, амжилт гаргасан уяачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цом, гэрэгэг гардууллаа.







