
Өнөөдөр нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиу хэмжээний бороо орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
Цаг уурын урьдчилсан төлөвөөр 07-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун болон хойд хэсгээр бороо орно.
09-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн бүсийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Мөн 11-нд нутгийн зүүн хагаст, 12, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэхийг анхаарууллаа.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх боловч 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур 08-нд ихэнх нутгаар, 09-нд нутгийн зүүн хагаст нэмэгдэж, дулаарах боловч 10-наас ихэнх нутгаар сэрүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7, өдөртөө +13…+18 градус дулаан байна. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22, өдөртөө +26…+31 градус дулаан байх төлөвтэй.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн төлөв
Нийслэл орчимд 09, 10-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх бол 10-нд баруун өмнөөс хойш эргэж, секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Улаанбаатар хотод 08, 09-нд шөнөдөө +13…+18, өдөртөө +26…+31 градус хүрч хална. Харин 10-наас сэрүүсэж, шөнөдөө +9…+14, өдөртөө +18…+23 градус дулаан байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид аадар бороо, хүчтэй салхи болон үер усны болзошгүй аюулаас сэрэмжилж, цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүр авч байхыг зөвлөж байна.







