
Монгол Улсын эрэгтэй волейболын шигшээ баг Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, түүхэн амжилтын эзэд боллоо.
Улаанбаатар хотын “Аса Арена”-д наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тэмцээний хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Монголын шигшээ баг БНХАУ-ын багтай дахин учраа таарч, 3:1 харьцаатайгаар ялалт байгуулсан юм.
Ингэснээр Монголын эрэгтэй волейболын шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа медаль хүртэж байна.
Шигшээ баг хэсгийн тоглолтод Хонконгийн багийг 3:0, БНХАУ-ын багийг мөн 3:0 харьцаатайгаар тус тус буулган авч, хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээ тоглолтод Японы хүчирхэг багтай таван сетийн турш өрсөлдөж, 3:2 харьцаатайгаар хожигдсон ч хүрэл медалийн төлөөх тоглолтод БНХАУ-ын багийг дахин ялж, медалийн тавцанд гарлаа.
Монголд волейболын спорт үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй энэ жил эрэгтэй шигшээ баг Зүүн Азийн аваргаас анхны медалиа хүртсэн нь онцлох амжилт болж байна.
Өмнө нь Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг тус тэмцээнээс 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан бол эрэгтэй баг ийнхүү түүхэндээ анх удаа медаль хүртлээ.
Эх сурвалж: Монголын Волейболын Холбоо







