
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбогдуулан хурлын зохион байгуулалтын бүсэд хамрагдаж буй 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд түр зохицуулалт хийхээр болжээ.
Энэ талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир наймдугаар сарын 17-28-ны хооронд дээрх сургууль, цэцэрлэгүүдэд ажлын байран дээрх үйл ажиллагааг түр зогсоож, шаардлагатай бэлтгэл ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулахыг мэдэгдлээ.
Тодруулбал, энэ хугацаанд цэцэрлэг, сургуулиуд дээр элсэлт, бүртгэл хийхгүй бөгөөд элсэлт, бүртгэл, шилжилт хөдөлгөөн зэрэг үйлчилгээг бүрэн цахимаар зохион байгуулна. Мөн багш, ажилтнуудыг зайнаас ажиллах нөхцөлөөр хангаж, шаардлагатай тохиолдолд сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэлийг хангах юм.
Харин цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг эх, асран хамгаалагчдын хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулах бөгөөд хүүхэд хүргэх, авах автомашины хөдөлгөөнийг бууруулах зорилгоор эцэг эхчүүдэд урьдчилан мэдээлэл хүргэнэ.
Энэхүү зохицуулалт нь зөвхөн COP17 хурлын хугацаанд хэрэгжих бөгөөд есдүгээр сарын 1-нээс бүх сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагаа танхимаар хэвийн эхлэх юм.

tsetserleg









