
Тайландын цагдаа нар ОХУ-ын иргэд болох 22 настай Диана Назимова, түүний дүү 17 настай Роман Назимов хоёрын амийг хөнөөсөн байж болзошгүй хоёр этгээдийг баривчилжээ.
Энэ сарын 26-нд 22 настай Диана Назимова, 17 настай Роман Назимов нарын ээж Зарина Назимова өөрийн Instagram хуудсанд, “Урд шөнө миний охин Диана, хүү Роман нар алга болсон. Хүүхдүүд маань хамгийн сүүлд үүрийн 4 цагт мотоцикл унаад явсан нь камерт буусан байгаа ба түүнээс хойш холбоо тасарч, утаснууд нь холбогдохоо больсон.” гэж бичжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Зарина хүүхдүүдийнх нь унаж явсан мотоциклыг задалж, оршуулгын газрын талбайд булсан байсныг цагдаа нар олсон тухай мэдэгдсэн юм.
Baza сувгийн мэдээлснээр Диана Назимова алга болохоосоо өмнө ээждээ хэн нэгэн түүнийг нууцаар ажиглаж, дагаж байгаа юм шиг санагдаж байгаа тухай ярьж байсан аж.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Тайландын хууль сахиулагчид уг хэрэгтэй холбоотойгоор 43 настай Тхан, 39 настай Тхонгчай нарыг баривчилжээ. Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр дээрх хоёр этгээд нь Диана, Роман хоёрын амийг хөнөөсөн гэдгээ хүлээсэн аж. Байцаалтын үеэр сэжигтнүүд эгч дүү хоёрын мотоциклыг хулгайлах санаатай байсан ч эгч дүү хоёрын зүгээс эсэргүүцэл үзүүлснээр сэжигтнүүд Романыг буудаж, Дианаг зодож, эгч дүү хоёрын цогцсыг ууланд булсан гэжээ.
Цагдаа нар сэжигтнүүдийн зааж өгсөн газраас эгч дүү хоёрын цогцосноос гадна нэг гэр бүлийн 3 гишүүний цогцос олоод байгаа, цагдаа нар тэдгээр нь Диана, Роман хоёрын аллагын гэрчүүд болсноороо ийнхүү дээрх хоёр этгээдийн гарт амиа алдсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.
Thairath,com







