
Колумбын Букараманга хотод болсон физикийн 56 дугаар олон улсын олимпиадад Монголын баг амжилттай оролцож, таван сурагч бүгд медаль хүртлээ.
Дэлхийн 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцсон тус олимпиадад Монгол Улсаа төлөөлсөн багийн дөрвөн сурагч мөнгө, нэг сурагч хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 13-15 дугаар байрт шалгарсан байна.
Монголын багт Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгаас шалгарсан сурагчид оролцсон бөгөөд энэ нь манай улсын физикийн олимпиадын түүхэнд анх удаа дөрвөн мөнгөн медаль хүртсэн амжилт болжээ.
Багийн ахлагч Г.Мөнхбаяр “90 гаруй орноос эхний 20-д багтсан нь өндөр амжилт. Алтан медаль авахад тун ойрхон байлаа” гэжээ.
Монголын багийн бүрэлдэхүүнд:
- Э.Ичинбат – Орхон аймгийн ЕБС-ийн 1 дүгээр сургууль
- А.Орхонтуул – МУИС-ийн Ерөнхий боловсролын ахлах сургууль
- М.Мөнх-Оргил-Улаанбаатар хотын ЕБС-ийн 1 дүгээр сургууль
- Б.Эрмүүн – Шинэ Монгол сургууль
- Г.Амармэнд – Дархан-Уул аймгийн “Од” сургууль
Сурагчдыг МУИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр тэргүүтэй дасгалжуулагч багш нар бэлтгэсэн байна.









