
2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, сурын харвааны допингийн шинжилгээний нийт 164 сорьцыг ХБНГУ-ын Дрезден хот дахь Допингийн шинжилгээ, спортын биохимийн хүрээлэнд (Institute of Doping Analysis and Sports Biochemistry) амжилттай хүргэж, хүлээлгэн өглөө.
Тодруулбал, үндэсний бөх, сурын харвааны 80 сорьц, мөн 17 аймаг болон алслагдсан гурван дүүрэгт зохион байгуулсан орон нутгийн баяр наадмаас цуглуулсан 84 сорьцыг орон нутгийн цагаар долоодугаар сарын 13-ны 19:30 цагт лабораторид хүлээлгэн өгсөн байна.
Сорьцыг тээвэрлэж, лабораторид хүргэх ажиллагааг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчдын хяналтан дор зохион байгуулжээ. Ингэхдээ сорьцын бүрэн бүтэн байдал, хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу ханган ажилласан байна.
Эх сурвалж: Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага









