
Наршилт хүндэрсэн тохиолдолд таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрдэг
Наршилтад бүх насны хүмүүс өртөж болох хэдий ч бага насны хүүхэд, зүрх судас, артерийн даралт өндөртэй хүмүүст илүү эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.
Наршилтаас хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмжийг хүргэж байна.
Илрэх шинж тэмдэг:
- Нууц үе 30 минутаас 18 цаг;
- Дотор бачуурч, бие нозоорох;
- Дотор муухайрах, бөөлжих, суулгах;
- Бага зэрэг халуурах;
- Ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямрах;
- Нүд харанхуйлж, толгой эргэх.
Авах арга хэмжээ:
- Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж зөвлөгөө авах;
- Буцалсан усыг хөргөөн задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж хэвших;
- Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх;
- Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх;
- Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж халуунаа бууруулах;
- Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.
Наршилтаас сэргийлэх:
- Наранд аль болох бага явах
- Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх
- Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгой халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх;
- Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх
- Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уух
- Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс, хэт хүйтэн ус, ундаа уух нь хоолой өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг тул эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.
Хэрэв хүн наршсан бол хамгийн түрүүнд сэрүүн, сүүдэртэй газар шилжүүлж, илүүдэл хувцсыг тайлан биеийг нь сэрүүн усаар арчих эсвэл мөстэй жин тавих хэрэгтэй. Мөстэй жинг хүзүү, суга, цавины хэсэгт тавих нь үр дүнтэй бөгөөд ухаан алдах, таталт өгөх зэрэг хүнд шинж илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах шаардлагатайг эмч зөвлөсөн юм.
Мөн наршилтад нярай, бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэй, зүрх судасны өвчин, чихрийн шижин, бөөрний дутагдал зэрэг архаг өвчтэй хүмүүс, гадаа удаан ажилладаг барилгачин, тариаланч, замын ажилчин, тамирчид, түүнчлэн шээс хөөх, даралт бууруулах, харшлын эсрэг зэрэг биеийн шингэн алдалт, дулаан зохицуулалтад нөлөөлөх эм хэрэглэдэг хүмүүс илүү өртөмтгий байдаг аж.
Эмч нар халуун өдрүүдэд дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.
Үүнд:
-Цангахыг хүлээлгүй ус, шингэнээ ойр ойрхон уух
-Нарны хэт хурц тусгалтай 11:00-16:00 цагийн хооронд гадаа удаан байхгүй байх
-Өргөн хүрээтэй малгай өмсөж, шүхэр хэрэглэх, нимгэн, сул, цайвар өнгийн хувцас сонгох
-Нярай болон бага насны хүүхдийг нарны шууд тусгалд удаан байлгахгүй байх
-Хүүхдийг халуун автомашин болон битүү орчинд ганцааранг нь орхихгүй байх
-Өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, ухаан балартах, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах.
Эмч нар халуун өдрүүдэд энгийн мэт санагдах эдгээр зөвлөмжийг мөрдөх нь наршилтаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг онцолж байна.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам









