
Жил бүрийн долоодугаар сарын 8-ны өдрийг “Монгол дархны өдөр” болгон тэмдэглэхээр албан ёсоор баталсан бөгөөд энэ жил анх удаа тэмдэглэж байгаа юм. Энэ өдрийг тохиолдуулан уламжлалт монгол дархны ур ухааныг орчин үеийн хэв маягтай хослуулсан “Хасуй” брэндийг үүсгэн байгуулсан, дархан Б.Баярбаатартай ярилцлаа.
Тэрбээр брэндийнхээ бүтээгдэхүүний загвар, хийцийн санааг Хүннүгийн үеийн археологийн олдвор, судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулжээ. Бүтээгдэхүүнүүдийг хүрлээр урлаж, алтан шармал аргаар өнгөлөн боловсруулдаг байна.

“Хасуй” брэндийн лого нь Хүннүгийн үеийн хаад, язгууртнуудын эрх мэдэл, сүр хүчийг илэрхийлдэг бэрсийн дүрслэлээс сэдэвлэсэн аж. Домогт бэрс нь олон амьтны шинжийг агуулсан хүч чадлын бэлгэдэл бөгөөд эрт цагт зөвхөн хаад, язгууртнууд уг дүрслэлийг хэрэглэдэг байсан тул брэндийн таних тэмдэг болгон сонгожээ.
Тус брэнд байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа, одоогоор хамгийн отгон үндэсний брэндүүдийн нэг юм. Цаашид зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй, олон улсын зах зээлд өрсөлдөх зорилготой ажиллаж буйгаа үүсгэн байгуулагч Б.Баярбаатар онцоллоо.


Тэрбээр “The Hu, MongolZ гээд дэлхийд танигдсан олон зүйл манай улсад бий. Үүнтэй адил өөрийн брэндийг ч олон улсад гаргахыг зорьж байна” хэмээн ярьсан юм.
Мөн Монголын дархчууд өв соёл, ур хийцийн онцлогоороо бусдаас ялгардаг бөгөөд бүтээлийн чанар, нарийн хийцээрээ дэлхийн түвшинд өрсөлдөх бүрэн боломжтой гэж үздэгээ илэрхийллээ. Түүний хэлснээр Монголын өв соёл бол шавхагдашгүй баялаг учир үндэсний дархны урлагийг дэлхийд таниулах боломж асар их аж.
“Хасуй” брэндийн “Хаан бэрс” коллекцын бүсийг металл, хүрлээр урласан бөгөөд зөвхөн механик гэмтэл үүсэхгүй бол 2000-3000 жилийн эдэлгээ даахуйц бат бөх чанартай гэж үздэг байна. Анхны коллекцоосоо 100 ширхгийг урласан бөгөөд үүнээс нэгийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулахаар бэлтгэжээ.
Видео үзэх холбоос:









