
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээллийг холбогдох сайд нар өглөө.
Шадар сайд Т.Доржханд: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны асуудал хэлэлцэгдлээ. Сүүлийн таван жилийн хугацаанд Хөгжлийн банк үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Маш олон төлөлт хийгдээгүй зээлийн асуудлууд гарч ирсэн банкны үйл ажиллагааг сайжруулахад тодорхой арга хэмжээг авч ажилласан. Энэ бүхний хүчинд Хөгжлийн банк хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх чадамжтай болсон гэдгийг мэдэгдэж байна.
Саяхан Хөгжлийн банк өөрийн болон Засгийн газрын баталгаагүйгээр 500 сая ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын өрд нөлөө үзүүлэхгүйгээр босгож чадсан сайн мэдээг дуулгаж байна.
Цаашид Хөгжлийн банк анх байгуулагдаж байх үеийн зорилго зорилтын хүрээнд хөгжлийн санхүүжилтийг хийх болно. Дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр гэх мэт салбарын Монгол Улсад тулгамдаж буй, банкны шаардлага хангаж буй улс төрийн нөлөө байхгүй бие даасан үйл ажиллагаа явуулах цаг нь ирлээ.
Улаанбаатараас баруун тийшээ гардаг гарц болох Лүн чиглэлийн замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх шийдвэр гарлаа. Улаанбаатар-Лүн чиглэлийн 101,7 км замын барилга угсралтын ажлыг 9-р сарын 1-нээс эхлэн төр хувын хэвшлийн түншлэлээр эхлүүлэхээр боллоо.









