
Зуны дэлгэр сайхан цаг одоо л нэг ирэв үү гэлтэй. Юу юугүй улсын баяр наадам дөхөөд, хэвлэл мэдээллийн салбарын бид түмэн завгүй, буман ажилтай сууцгаана. Нэг ёсондоо үзэгч, уншигчдадаа часхийсэн үзүүштэй басхүү уншаад сэргэх тийм л мэдрэмжийг өгөх уран бүтээл бэлтгэх зорилго тээдэг юм.
Ер тэгээд баяр ёслолын үе дөхөх тусам бидний ажил барагдах биш дээ…Гэхдээ л “Сэтгүүлч”-ийн ажилдаа дуртай, мэргэжилдээ хайртай учраас л ядарсан ч, баярын өдрийг үл умартан ажиллах нь сайхан байдаг. Ямар сайндаа миний л хувьд тэр их ажлын ард баг хамт олонтойгоо амжилттай гараад л, их сайхан уртаар амьсгаа авахад л үнэхээр тансаг мэдрэмж авдаг гэх үү дээ. Бидний ажил бол “Багийн ажил” юм аа.
Ингээд л Улсын баяр наадам дөхөж буй учраас “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ зураг авалтыг бэлтгэхээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгийг зориод ирлээ дээ.

Мэдээж дан ганц нэвтрүүлгийн зургаа аваад л нийслэл рүү буцах нь дэндүү хайран учраас Сэтгүүлч бид чинь “Өрөмний өт” шиг л хаана ямар соргог зүйл байна, сонин содон үйл явдал болж байна, ямар онцгой түүхтэй “Зочин” байгаа талаар л тэр хавиар л нэг эрэл сурал болчихно.


Улаанбаатар хотоос 280 гаруй километр замыг туулаад л, Дэлгэрхаан суманд очсоных Хэрлэнгийн хөдөө аралд орших “Аураг” рашааныг бид зорилоо.
1994 оноос тус рашааныг “Хүдэр ус” компанийн зүгээс гүний ухалт хийж, дотоодын аялагч, амрагчид зорин очоод уух зориулалтаар болгож байжээ.


“Аварга тосон”-гийн нуураар аялан амарч яваа дотоодын аялагч, жуулчдын хөлд өдөржин дарагддаг. Тус рашааны түгээгчээр 1994 оноос эхлэн ажиллаж ирсэн “Рашааны өвөө” нэрээр олноо алдаршсан Б.Лхагвасүрэнтэй бид ярилцлаа.


“Рашааны өвөө” Б.Лхагвасүрэн: 1994 оноос хойш Аураг рашааны түгээгчээр ажиллаж байна.
Буянтай сайхан ажил даа. Энэ рашаан ерөөсөө л тэр чигтээ “Эм” шүү дээ
-Сайн байна уу? Зуншлага сайхан уу?
-Сайн сайн байна уу. Сайхан зусаж байна. Саяхнаас л дулаараад зуншлага сайхан, ногоо цагаа дэлгэрээд гоё боллоо.
-Таны хувьд энэ “Аураг” рашааны түгээгчээр хэдэн жил ажиллаж байна вэ?
-Миний хувьд 1994 оноос эхлэн тасралтгүй “Хүдэр ус” компанид энэ сайхан рашааны түгээгчээр ажиллаж байна даа. Буянтай сайхан ажил даа.
-Амрагч, аялагчдын тоо одоо нэмэгдэж байна уу?
-Одоо нэмэгдэж байна. Баяр наадмаар бүр ихэсдэг. Ямар сайндаа би наадам үзэх эрхгүй шахуу л ажилладаг. Гэхдээ дундуур нь бас хааяа амжуулаад үзэхийг хичээнээ. Мотоциклоо унаад л давхичхаад ирнэ.(инээв)
-Та сард хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
-Тэр бол нууц.(инээв) Өө тэгээд л, миний карт эхнэрт л байж байдаг даа. Хөдөөний хүмүүсийн карт нь эхнэрт нь л байж байдаг байх.(инээв)
-Сард авч буй цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцэж байна уу?
-Миний 1 сарын цалинд Сумын төвийн дэлгүүр багадна, аа харин Аймгийн төв орохоор тэндэхийн дэлгүүр томддог.(инээв) Ямарч байсан цалингаа буухаар мотоциклтойгоо яваад л, сумын дэлгүүр орно. Гэрийнхэндээ хэрэгтэй зүйлсийг нь авч өгдөг дөө.


-Анх энэ рашааны хэрхэн ухалт хийж, иргэдэд хүргэж эхлэв?
-Анх 1994 онд “Хүдэр ус” гээд компани гүний ухалт хийж, 2011 он хүртэл савлаж, иргэдийн гарт хүргэдэг байсан. Харин жилээс жилд “Аварга тосон” нуурыг зорин ирсэн амрагч, аялагчдын хөлд өдөржин дарагдана.
Ер нь энэ рашаан маань ходоод, нойр булчирхай мөн сахарын өвчлөлд маш сайн. Цус шингэрүүлдэг, үр дүнгээ сайн өгч байнаа гээд л жил бүр зорин ирдэг амрагчид ам сайтай л байдаг даа. Энэ рашаан чинь кола ундаа биш, ерөөсөө л түмний эрүүл мэндэд л сайн эерэг үр дүнгээ өгч байвал тэр нь сайхан шүү дээ.
-Хэдхэн жилийн өмнө ирэхэд цагийн хуваарьгүй, мөн эргэн тойрны тохижилт хангалттай биш байсан санагдана?
-Тийм. Манай компани тохижуулаад, маш сайхан цэвэр орчныг бүрдүүлээд өгчихсөн. Би аягаар авсан хүмүүсээс хэзээ ч мөнгө авдаггүй. Нэг ундааны сав энэ тэртэй зорьж ирээд ууж буй хүнээс ч авдаггүй, ирсэн хүнээс мөнгө хэзээ ч нэхдэггүй.
Гэхдээ зарим иргэд сүжгээрээ цөөн хэдэн төгрөг баярлалаа гээд л өгдөг юм.


-Хэрлэнгийн хөдөө арал Монголын их түүхтэй нутаг?
-Тийм. Хэрлэнгийн Хөдөө арал гэдэг нутаг маань энэ шүү дээ. Тэр их түүхт хаад амьдарч, нутаглаж байсан Монголын өндөр энергитэй газар шүү дээ.
Чингис хааны Их Ауруг Орд гэдэг нь Монгол төрийн маань анхны нийслэл байсан төрийн голомт байхгүй юу. Ингээд Төрийн хамгаалалтад авчихсан байгаа.
Тэр харагдаж буй овгор бор дэрс нь болохоор Төрийн ордны туурь нь байсан хэмээх их түүхтэй. Энэ туурь дээр л Чингис хаан, Өгөдэй, Мөнх, Есөнтөмөр зэрэг Монголын Их хаад дэлхийг удирдаж байсан тийм л их сайхан энергитэй нутаг даа. Үүний ар талд Чингисийн хөшөө мөн археологийн түүхт олдворуудаас бүрдсэн музей ажилладаг.
Ингээд цаашлаад “Хар сүлд”, “Нууц товчоо” гэсэн энергийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Төр нь солигдохоор л түр зогсчих юм. “Төр амгалан бол түмэн амгалан” гэж үг байна.


-Таны хувьд хот хүрээний мэдээг хэрхэн яаж, хаанаас үзэж хардаг вэ?
-Энэ фэйс гэдэг чинь огт хэрэггүй эд шиг байна. Хөгшчүүл бид чинь 2015 оноос хойш л нэг фэйс мэйстэй болж үзлээ. Тэрнээс хүмүүс чинь өмнө нь энэ зүйл гараагүй байхад ямар их амгалан тайван байлаа даа. Энэ хэрүүл, шуугиан гэж байдаггүй, сайхан амгалан байсан. Өнгөрсөн жил манайх энэ рашааны орчныг нь амрагчдад тухтай байдлаар тохижуулж өгсөн юм. Өмнө нь энд худаг байсан, жаахан улаан байшинтай. Тохижуулж, үүнийг хийхийн тулд өндөр хиймэл далан болгоод, ингэж хийх гээд л шороо асгаад байсан чинь энэ хавиар байсан улс чинь гар утсаа бариад л рашааныг муухай болголоо. Ухаж, төнхөж байна гэж ирээд л, фэйсээрээ цацаад бөөн асуудал болж, шуугиан тарьчихсан. Харин одоо цэвэрхэн болгоод, ингээд тохижуулчихсан чинь утсаа бариад, ийм гоё болжээ гэж хэлж байгаа хүнийг би ердөө хараагүй л байна шүү дээ. Ийм л сонин болчихсон байхгүй юу.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч: А.Алтанчимэг
Зураглаач: Д.Төгөлдөр, Г.Дөлгөөн
Видео ярилцлагыг үзэх линк:









