
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өчигдөр шатахууны хангамжийн талаар мэдээлэл хийхдээ Монгол Улс АИ-92 автобензиний 33 хоног, АИ-95 бензиний 44 хоног, дизель түлшний 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байгааг мэдэгдэв. Тэрээр мөн “ОХУ-д үүсээд буй нөхцөл байдал Монгол Улсад нөлөөлөхгүй” гэж онцолсон. Өнөөдрийн байдлаар дээрх тоо баримт үнэн байж болно. Гэвч шатахууны асуудал бол зөвхөн өнөөдрийн нөөцөөр хэмжигдэх асуудал биш. Маргааш, ирэх долоо хоног, ирэх сарын нийлүүлэлт хэвийн үргэлжлэх эсэх нь хамгийн том сорилт юм.
Учир нь манай улс хэрэглэж буй шатахууныхаа бараг бүх хэрэгцээг импортоор хангадаг бөгөөд импортын дийлэнхийг ОХУ дангаараа нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд юу болж байгаа нь манай шатахуун түгээх станцуудын нөөцтэй шууд холбоотой.
Урд шөнийн байдлаар машинууд шатахуун түгээгүүрийн гадаа урт дараалал үүсгэж, шатахуун хомсдохвий гэх айдсаасаа үүдэн нөөцлөн худалдан авч байна. Сүүлийн жилүүдэд энэ үзэгдэл улам гаарч, автомашинтай иргэн бүр үүр цүүрээр оочирлон барин шатахуунаа авсаар…
Урд шөнө буюу 7 сарын 6-ны 23:00 цагт
Хойд хөршид тохиосон золгүй явдал биднийг тойрч биш дайрч орхих уу?
Украины шинэ тактик ОХУ-ын Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилж байна
Орос, Украины дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж буй энэ үед Украины тал фронтын шугамаас гадна ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилсон алсын зайн дроны цохилтоо эрчимжүүлээд байна. Хамгийн сүүлийн жишээ нь баруун Сибирийн Омск хот дахь ОХУ-ын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрт өгсөн цохилт юм. “Reuters”-ийн мэдээлснээр энэхүү үйлдвэрийг “Газпром нефть” ажиллуулдаг бөгөөд өнгөрсөн онд өдөрт ойролцоогоор 460 мянган баррель газрын тос боловсруулжээ.
Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр Омскийн үйлдвэр нь Украины цохилтод өртсөн ОХУ-ын хамгийн том 11 бензин үйлдвэрлэгч үйлдвэрийн сүүлчийнх болсон байна. Үүгээр зогсохгүй Ярославль муж дахь Славнефть-ЯНОС боловсруулах үйлдвэр, Ленинград мужийн Усть-Луга дахь “Новатэк”-ийн хий боловсруулах цогцолбор, Керчийн газрын тос хадгалах байгууламж, Луганск дахь дроны агуулах зэрэг стратегийн объектууд ч халдлагад өртөөд байна.
Оросууд өөрсдөө шатахуундаа оочирлож байхад бид яах бол?
ОХУ дэлхийн хамгийн том газрын тос олборлогчдын нэг боловч шатахууны нийлүүлэлтийн асуудал зөвхөн олборлолтоос бус боловсруулах үйлдвэрүүдийн ажиллагаанаас шууд шалтгаалдаг. Сүүлийн саруудад өгсөн цохилтуудын улмаас ОХУ газрын тос боловсруулах хүчин чадлынхаа ойролцоогоор 25 хувийг түр хугацаанд алдсан талаар олон улсын эрчим хүчний шинжээчид мэдээлж байна.
Мөн далайгаар экспортолж буй шатахууны хэмжээ 2017 оноос хойших хамгийн доод түвшинд хүрээд байгаа бөгөөд халдлагад өртсөн боловсруулах үйлдвэрүүдийг бүрэн сэргээн засварлахад дор хаяж зургаан сар шаардлагатай гэж салбарын шинжээчид тооцоолжээ. Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 1-нд дотоодын зах зээлийг хамгаалах шаардлага гарвал дизель түлшний экспортыг бүрэн хориглох боломжтой талаар мэдэгдсэн нь хөрш орнуудын анхаарлыг татсан.
Хомсдол аль хэдийн эхэлжээ
Оросын дотоодын зах зээл дээр шатахууны нийлүүлэлтийн хүндрэл аль хэдийн мэдрэгдэж эхэлсэн байна. Сүүлийн мэдээллээр 50 гаруй бүс нутагт шатахууны борлуулалтад янз бүрийн хязгаарлалт тогтоожээ. Севастополь хотод иргэдэд бензин худалдаалахыг бараг бүрэн зогсоосон бол Крымд шатахууныг нормчилж эхэлсэн байна. Москвад шатахуун түгээх станцуудын өмнө урт дараалал үүсэж, канистрт бензин худалдаалахыг хоригложээ.
Санкт-Петербург хотод шатахууны хомсдолоос шалтгаалан ачаа болон хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт саатаж эхэлсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Мөн Чита, Белгород, Курск, Свердловск, Саратов, Пермь, Оренбург, Дагестан зэрэг олон бүс нутагт нэг автомашинд олгох шатахууны хэмжээг хязгаарлах, зөвхөн автомашины саванд түгээх, канистрт худалдаалахыг хориглох зэрэг арга хэмжээг авч эхэлжээ. Энэ нь Орос улс нийлүүлэлтийн доголдлыг дотооддоо удирдах арга хэмжээ авч эхэлсний илрэл юм.
Монголд ямар эрсдэл үүсэх вэ
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шатахууны тодорхой хэмжээний стратегийн нөөц бий. Гэвч эрсдэл нь өнөөдрийн нөөцөд биш, ирээдүйн нийлүүлэлтэд оршиж байна. Хэрэв ОХУ дотоодын хэрэгцээгээ нэн тэргүүнд хангах шаардлагатай бол экспортын хэмжээгээ бууруулах эсвэл тодорхой хугацаанд хязгаарлах шийдвэр гаргаж болзошгүй. Өмнө нь ч ийм нөхцөл үүсэж байсан. 2023 онд ОХУ бензин, дизель түлшний экспортоо түр хугацаагаар хязгаарлаж байсан нь олон улсын зах зээлд үнийн савлагаа үүсгэсэн.
Монголын хувьд ийм нөхцөл үүсвэл хамгийн түрүүнд импортын хэмжээ багасах эрсдэлтэй. Үүний дараа нийлүүлэлтийн хугацаа уртасч, шатахууны үнийн дарамт бий болно. Шатахууны үнэ өсөх нь зөвхөн автомашин эзэмшигчдэд нөлөөлөхгүй. Нүүрсний экспорт, уул уурхайн олборлолт, газар тариалан, барилгын салбар, ачаа тээвэр, нийтийн тээвэр, хүнсний бүтээгдэхүүний үнэ гээд эдийн засгийн бараг бүх салбарт дарамт үүсгэнэ.
Ялангуяа дизель түлшний нийлүүлэлт доголдвол Монголын экспортын гол салбар болох уул уурхай хамгийн түрүүнд эрсдэлд орно.
“Нөөц бий” гэдэг нь хангалттай тайлбар мөн үү
33 хоногийн нөөцтэй гэдэг нь тайвшруулах мэдээлэл мөн.
Гэвч стратегийн нөөц гэдэг бол асуудал үүсэхгүй гэсэн баталгаа биш, харин асуудал үүссэн үед тодорхой хугацаанд даван туулах боломж гэсэн ойлголт юм. Тиймээс өнөөдрийн хамгийн чухал асуулт нь “шатахуун тасалдах уу, үгүй юу” биш.
Харин ОХУ-ын нөхцөл байдал улам дордовол Монгол Улс ямар төлөвлөгөө хэрэгжүүлэх вэ?
-
Өөр улсаас шатахуун авах боломж хэр бодитой вэ?
-
Стратегийн нөөцөө хэрхэн удирдах вэ?
-
Үнэ өсөхөөс хэрхэн сэргийлэх вэ? гэдэг асуултууд юм.
Төрийн байгууллагууд “тайван байгаарай” гэсэн ерөнхий мэдэгдлээс илүүтэйгээр эдгээр асуултад бодитой, тооцоололтой, ил тод хариулт өгөх нь иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, эрсдэлийн үед хамгийн зөв бодлого болох биз.
Эх сурвалж: Moscow Times










