
Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр цэнгэл наадам болоход 7 хоногийн хугацаа үлдээд байна. Үзэгч та бүхэнд Улсын баяр наадмаар түрүүлж, үзүүрлэж, дээшээ барилдах магадлалтай бөхчүүдийн цувралыг танилцуулж байна. Хоёр дахь цувралаа хүргэе.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Б.Орхонбаяр эхний ээлжид нэрлэгдэж байна. Тэрээр улсын баяр наадамдаа нийтдээ зургаа шөвгөрсөн бөгөөд 21 насандаа улсын начин, 22 насандаа улсын харцага, 24 насандаа улсын арслан цолыг хүртсэн эрхэм билээ. 2025-2026 оны заал танхимын барилдаанд амжилттай сайн барилдаж түрүүлж, үзүүрлэсэн бөгөөд бөхчүүдийн чансаагаар тавдугаар байранд эрэмбэлэгдэж байгаа юм. Түүнийг бөх сонирхогчид жил болгоны улсын баяр наадмын үзүүр түрүүнд нэрлэдэг уламжлалтай. Сэлэнгэ нутгаас тодрох дараагийн аварга гэж харж байгаа билээ.

Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнай нэрлэгдэж байна. Тэрээр өнгөрсөн жилийн ардын хувьсгалын 104 жилийн баяр наадмаар түрүүлсэн бөгөөд энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөхийн таамагт зүй ёсоор орох билээ. 2025-2026 заал танхимын барилдаанд амжилттай сайн барилдаж, Алтан цомын багийн халз барилдаанд багаа ахалж, хамгийн олон даваа авсан бөхөөр тодорсон юм. Бөхчүүдийн чансаагаар гуравдугаар байранд эрэмбэлэгдэж байгаа юм.


Завхан аймгийн яруу сумын харьяат М.Лхагвагэрэл эрэмбэлэгдэж байна. Түүнийг бөхөө дээдэлдэг Монголын ард түмэн жил болгоны улсын баяр наадмаар цолоо баталж, дээшээ үзүүр түрүүнд хүрч арслан, аварга болно гэж хардаг. Харин жил болгоны наадмаар хүлээлтэд хүрэхгүй байгаа хэдий ч энэ жилийн улсын баяр наадмаар түүнийг өндөр хүлээлтэнд оруулж байгаа юм. Тэрээр энэ жилийн бөхчүүдийн чансаагаар 12 байранд эрэмбэлэгдэж байгаа юм.


Архангай аймгийн Хашаат сумын харьяат Алдар спорт хорооны бөх Улсын заан С.Сүхбат нэрлэгдэж байна. Түүнийг бөх сонирхогчид Архангай аймгаас тодрох дараагийн аварга гэж хардаг бөгөөд жил болгоны наадмаар дээшээ барилдах бөхчүүдийн тоонд зүй ёсоор оруулдаг. Тэрээр бөхчүүдийн чансаагаар наймдугаар байранд эрэмбэлэгдэж байгаа билээ. 2000 оны Луутнуудын томоохон төлөөлөл юм.


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Аймгийн хурц бадрангуй Арслан Д.Алтанцоож эрэмбэлэгдэж байна. Тэрээр энэ жилийн бүх цэргийн баяр наадамд түрүүлж, бадрангуй чимэг хүртсэн билээ. Мөн түүнчлэн заал танхимын барилдаанд тэр дундаа Алтан цомын халз барилдаанд амжилттай сайн барилдсан юм. Тэрээр бөхчүүдийн чансаагаар есдүгээр байранд эрэмбэлэгдэж байна.


Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга Хангай нэрлэгдэж байна. Энэ жилийн заал танхимын барилдаанд сайн барилдсан бөгөөд бөхчүүдийн чансаагаар зургаадугаар байранд эрэмбэлэгдэж байна. Бөх сонирхогчид, үзэгчдийн хувьд шөвгийн дөрвөн бөхийн тоонд зүй ёсоор оруулж байгаа билээ.


Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын гавьяат тамирчин Дархан аварга Н.Батсуурь нэрлэгдэж байна. Хэдийгээр тэрээр заал танхимын барилдаанд идэвхтэй сайн барилдаагүй ч бөх сонирхогчид жил болгоны наадмаар шөвгөрч, дээшээ барилдах бөхчүүдийн тоонд зүй ёсоор оруулдаг. Тэрээр жил болгоны улсын баяр наадамд үзүүр түрүү, шөвгийн дөрөвт үлддэг уламжлалтай. Сүүлийн арван жил түүний ноёрхлын он жилүүд байсан юм.


Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгс нэрлэгдэж байна. Тэрээр заал танхимын барилдаанд идэвхтэй сайн барилдаагүй ч иргэдийн таамаг ёсоор өндөр аварга дээшээ барилдана гэсэн хүлээлтийг олж аваад байгаа. Түүний хувьд Даян, цаашлаад Дархан аварга болох хүсэл өвөртөлсөн байгаа нь мэдээж билээ. Улсын наадамдаа найман удаа шөвгөрөөд байгаа юм.
Н.МЭНД-АМАР









