
Орон хотод маань 18.30 цаг болж байна. Ажил, сургуулиа тараад, автобус хүлээн зогсох хүн зоны урсгал дунд би ч бас сүлэлдэн зогсоно. “Ойрхон автобус байна уу, Ч:40 номер хаахна явааг хараад өгөөч” гэж хажууханд зогсоо залуугаас хэн нэгэн асууж буй нь сонстоно. Зарим нь бүр тэсгэл алдаад алхаж байгаа бололтой.
Ашгүй, миний хүлээсэн Ч:34 номерын автобус ирлээ. Даанч хөл гишгэхийн зайгүй. Дахин автобус хүлээж удаан зогсохгүйн тулд автобусны хаалга онгойв уу, үгүй юу арын хаалга руу гүйлдэцгээнэ. “Туулайчлах” гэдэг чинь энэ шүү дээ. Автобус ойр, ойрхон ирдэг бол, ирлээ ч урд талын хаалгаар орох зай завсар байдаг бол хэн ч арын хаалга руу ийн зүтгэж, “үнэгүй” явахыг хүсэхгүй. Урд талын хаалга руу чихсээр азаар нэг юм багтлаа.
Олон янзын ааш аяг, сэтгэл хөдлөл, дуу хоолой, нулимс, инээдийг чухам энэ л унаан дотроос харж, мэдэрч, сонсож болдог нь сайхан. Хөлс, хир, шивэр, унгас, архи, тамхины эхүүн үнэр, сүрчиг гээд автобуснаас элдэв юмс холилдонхон үнэртэнэ. Зарим нь унтах ч ихэнх нь л гар утас руугаа “оржээ”.
Автобусны арын эгнээнээс эмэгтэй хүний утсаар ярих, инээх дуу сонсогдоно. Хүү нь хүнтэй сууж буй, нөхөртэйгөө өглөө гарахдаа муудчихсан, нөөцийн мах олдохгүй байгаа гээд түүний амьдралын нэвтэрхий толь болтлоо автобус даяараа л яриаг нь сонслоо. Эцэс сүүлд нь хэн нэгнийх нь тэсвэр барагдав бололтой.
“Та наад утасныхаа дууг суллаж болох уу?” хэмээн хэн нэгэн түүнд хэлэх сонстов. Эгч хариуд нь “Хмм, чамаас бусад нь зүгээр байна” хэмээх нь тэр. Зовлон ингээд дуусчихсангүй. Өнөө эгчийг бууснаас хойш хэсэг чих амар явж байтал дараагийн буудлаас дахиад “өнөө эгч” суув. Гэхдээ тэр хүйсээ, дүрээ хувилжээ.
Хижээл насны нэг ах утсаараа кино үзэж байгаа бололтой, утасныхаа дууг чанга дээр нь тавьчхаад чанга инээхийг яана. Автобус гэдэг зорчих хэрэгсэл биш, харин тухтай сууж утсаар ярьдаг, юм үздэг бүхээг болон хувирчээ, хөөрхий.
Яагаад хүмүүс автобусанд гэртээ байгаа юм шиг, ганцаараа байгаа юм шиг аягладаг бол. Өдөржин ажиллаад ядарсан, даралт нь ихэсдэг өвөө, эмээ гээд автобусанд хэн ч сууж явж мэднэ. Тэгэхээр нийтийн тээвэр дотор чихэвч зүүж хэвших цаг нь иржээ. Эс бөгөөс утасныхаа дууг зөвхөн өөртөө л сонсогдох хэмжээнд тохируулан юм үзэж, утсаар ярьдаг баймаар…
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нийтийн тээврээр зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс маш хатуу дүрэм, стандарттай. Япон болон БНСУ-д л гэхэд автобус болон метро дотор гар утсаар барагтаа ярьдаггүй. Дуудлага ирвэл залгаад “Буугаад залгая” гэсэн зурвас үлдээх нь элбэг. Тиймээс хотын соёлд хамтдаа суралцацгаая. Одоо цаг нь болсон.
Б.УРАНЗАЯА








