
18 нас хүрээгүй хүүхэд цахилгаан скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийг 200 мянган төгрөгөөр торгохоор тусгажээ.
УИХ-ын гишүүн Уянгахишиг цахилгаан скүүтерийн хэрэглээтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг мэдэгдлээ.
Түүний мэдээлснээр, цахилгаан скүүтерийг явган хүний замаар зорчихыг хориглож, мопедтой адил ангилалд хамруулан дугуйн зам болон дугуйн эгнээгээр хөдөлгөөнд оролцохоор зохицуулах аж. Харин дугуйн зам, эгнээ байхгүй нөхцөлд автозамын баруун хөвөөгөөр зорчих боломжтой байхаар тусгажээ.
“Манай улсын замын хөдөлгөөний дэд бүтэц, аюулгүй байдлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, цахилгаан скүүтер унах насны доод хязгаарыг 18 байхаар тусгаж байна” хэмээн УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хэллээ.
Тэрбээр 16 настай хүүхэд цахилгаан скүүтер унан замын хөдөлгөөнд оролцох нь эрсдэл өндөртэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор насны хязгаарыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж онцолсон юм.
Мөн цахилгаан скүүтерийг зөвхөн зориулалтын болон тусгайлан тогтоосон зогсоол, байршилд байрлуулах шаардлага тавихаар төлөвлөжээ. Хэрэв явган зорчигч болон автомашины хөдөлгөөнд саад учруулах байдлаар байршуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулах юм байна.
Шинэ зохицуулалтаар эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагыг ч мөн тодорхой болгожээ. Тодруулбал, 18 нас хүрээгүй хүүхэд цахилгаан скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид 200 мянган төгрөгийн торгууль ногдуулахаар тусгаж байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг мэдээллээ.








