
Miss Grand International All Star 2026″ тэмцээнд Монголоо төлөөлөн оролцож байгаа Ц.Аззаяа цахим орчинд эх орондоо төдийгүй дэлхий дахинд олны анхаарлыг татаад байна. Түүний өмссөн даашинз ямар гайхалтай болохыг, будаггүй царай, цаашлаад монголын урлаг, спортын алдартнуудын үр удам гэдгийг гайхан бичиж байна.
Тэгвэл мисс Ц.Аззаяа гэж хэн бэ?
Ц.Аззаяа нь 1995 оны 5-р сарын 23-нд төрсөн. Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг 2016 онд төгссөн. Жүжигчин, дуучин, бүжигчин гэсэн хосолсон мэргэжилтэй.Ц.Аззаяагийн ээж нь дуучин Д.Ширмэнтуяа. Харин түүний эмээ нь Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун. Ц.Аззаяагийн аав нь Увс аймгийн Тэс сумын харьяат Найдангийн Цогт-Очир юм. Тэрбээр орон нутгийн төрийн байгууллагад даргын алба хашдаг, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ч сонгогдон ажиллаж байсан.

Ц.Аззаяа нь:
- 2001 онд “Вансэмбэрүү” кинонд Батцэцэгийн бага насны дүрд тоглож байсан.
- 2013 онд 18 насандаа миссийн уралдаанд оролцож, анхны уралдаандаа тусгай байр эзлээд зогсохгүй “Авьяаслаг мисс”-ээр шалгарсан.
- 2015 онд “Мисс Монголиа” уралдааны тэргүүн шагнал хүртсэн.
- Найруулагч Д.Галбаярын бүтээл “Киносутра ” кинонд гол дүр бүтээж байжээ.
Тэрбээр Miss International 2015 болон Miss Earth 2019 олон улсын тэмцээнүүдэд Монголыг төлөөлж оролцсон. Мөн Miss Mongolia 2015 болон Miss Asia 2018 цолыг хүртсэн юм. Энэ удаад “Miss Grand International All Star 2026” тэмцээнд Монголоо төлөөлөн оролцож байна.
Энэхүү тэмцээнд дэлхийн 38 орноос 58 оролцогч бүсгүй “Хаант титэм”-ийн төлөө өрсөлдөж буй бөгөөд ялагч нь 100,000–1,000,000 ам.долларын шагнал хүртэнэ. “Miss Grand International All Star 2026” тэмцээн нь 20–40 насны бүх эмэгтэй болон транс эмэгтэйчүүдэд нээлттэй бөгөөд гэр бүлтэй эсэх, хүүхэдтэй эсэхийг харгалздаггүй аж.
Монголыг төлөөлөн оролцож буй Ц.Аззаяа нь одоогийн байдлаар уг тэмцээний Топ 18-д шалгараад байгаа юм.











