
Цэц Монгол Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтын “зөвхөн нэг удаа” гэх хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргалаа.
Ингэснээр Монголын төрд олон жил үргэлжилсэн шүүхийн эрх мэдлийн төлөөх далд тэмцлийн шинэ бүлгийг эхлүүллээ.
Цэцийн дүгнэлтийн гол агуулга юу байв?
“2016 онд Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгосон агуулгыг УИХ өөр нэр, өөр хэлбэрээр буцааж сэргээсэн” гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, парламент Цэцийн өмнөх шийдвэрийг тойрч гарахыг оролдсон гэж дүгнэсэн хэрэг.
Энэ нь Монголын хууль тогтоох байгууллагад өгч буй том сануулга юм. Цэц нэгэнт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн агуулгыг “үг сольж”, “найруулга өөрчилж” дахин амилуулах боломжгүй гэдгийг шууд хэллээ.
Гэвч үүний цаана зөвхөн эрх зүйн маргаан биш, том улс төр бий.
Шүүхийн томилгоо бол Монголын хамгийн том эрх мэдэл.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Парламент, Гүйцэтгэх засаглалаасаа ч удаан хугацаанд томилогдон ажилладаг манай улсын хувьд Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн суудал бол ердөө хуульчийн албан тушаал биш улс төрийн нөлөөллийн төв цэг, томоохон хэргүүдийн хувь заяанд нөлөөлөх механизм, төрийн эрх мэдлийн тэнцвэрийн гол зангилаа юм.
Тийм учраас Ерөнхийлөгч бүр шүүхийн томилгоон дээр өөрийн нөлөөг хадгалахыг хүсдэг. Парламент ч мөн адил шүүхийг “өөрийн үеийнхнээр” бүрдүүлэх сонирхолтой байдаг.
Харин “зөвхөн нэг удаа” гэсэн хязгаарлалт нь энэ нөлөөллийг багасгах гэсэн оролдлого байв. Нэг хүн дахин томилогдохын төлөө улс төрд үйлчлэх шаардлагагүй болно гэсэн санаа.
Гэвч нөгөө талд нь өөр тайлбар бий.
Энэ заалтыг хамгаалагчид: “Шүүгч дахин томилогдохын тулд улс төрд таалагдах шаардлагагүй болно” гэж тайлбарладаг.
Харин эсэргүүцэгчид: “Төрийн институцийн залгамж чанар алдагдана. Туршлагатай хүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болгоно” гэж үздэг.
Гэхдээ манай бодит улс төрд онолын энэ мэт тайлбарууд ихэвчлэн эрх мэдлийн ашиг сонирхлоор солигддог туршлагыг бид хэдэнтэй харсан.
2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийн дараа Ерөнхийлөгчийн институц суларч, Гүйцэтгэх засаглал эрх мэдэлтэй болсон мэт харагдсан. Гэвч хүчний хамгийн том талбар болох шүүхийн томилгоо Ерөнхийлөгчийн гарт хэвээр үлдсэн.
АТГ, УЕП, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, эдгээр институцийн удирдлагыг хэн томилж, хэнтэй ойр байх нь Монголын улс төрийн бодит хүчний зураглалыг тодорхойлдог.
Тиймээс Цэцийн энэ шийдвэр бол зөвхөн нэг өгүүлбэр хүчингүй болсон асуудал биш. Ерөнхийлөгчийн нөлөө, парламентын хяналт, шүүхийн бие даасан байдал, улстөрчдийн эрх ашиг гэсэн дөрвөн том хүчний огтлолцол болж байна.
Цаашид улс төрийн том тулаан үргэлж “саарал ордон”-д биш, шүүхийн хаалттай коридорт өрнөх нь ээ.







