
Монгол Улсын Засгийн газрын 26 дугаар тогтоолоор баталсан “Аюулгүй байдал-иргэдийн оролцоо” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллийг оролцуулсан “Аюулгүй байдал-иргэдийн оролцоо” хэлэлцүүлгийг зохион байгуулав. Аюулгүй байдалд иргэдийн оролцоо хэр чухал вэ? Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд амьдарч байгаа иргэд бид хэрхэн энэ чиглэлээр мэдлэгээ тэлж, боловсролоо нэмэгдүүлэх вэ гээд л олон асуултууд өмнө маань тулгарч байна.
Учир нь цахим хэрэглээ монголчууд бидний дунд өсөн нэмэгдсээр байгаа. Харин энэ эгзэгтэй үед бид үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэлд амархан автахгүй байх, аливаа зүйлд хянуур гярхай хандах нь чухал. Иймээс л иргэд бидэнд бүх л асуудалд “Боловсрол” бас дахин боловсрол маш чухал юм.
Тухайлбал бид “Сонгогчийн боловсрол”-той байхын тулд ч энэ талаар сайтар судлах нь өлзийтэй. Ер тэгээд хүн ёсны энэ л амьдралд ямар ч эрх мэдэл, албан тушаалтай эсвэл өөр түвшний хүн байлаа гээд мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улсын Үндсэн хууль нь бидний “Малгай” байх ёстой л доо.
Ингээд дараах тодруулга ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэе.
Хуульч Б.Нармандах: Цахим орчин дахь мэдээлэлд хамгийн гол нь цензуртэй хандах чадавхыг л иргэн бүрт суулгамаар байна
-Ер нь аюулгүй байдал гэдэг асуудал нь өөрөө аль ч нийгмийн үед, хүний амьдралд, эргэн тойронд байсаар ирсэн. Тэгээд тэр аюулыг бид яаж даван туулах вэ? аюул эрсдэлээс хэрхэн хол байх вэ? гэдэг дээр хүн болгон өөрийнхөө амьдрах арга ухаанаар тэрийг эрэлхийлж ирсэн.
Гэхдээ нийгэм хөгжихийн хэрээр аюулгүй байдлын үзэл хандлага эрсдэлүүд маань байнга хувьсан өөрчлөгдөж байна. Ялангуяа өнөөдөр энэ сошиал, медиа ихээр хөгжчихсөн. Тэгээд хүмүүс маань өөрөө нийгмийн хөгжлөө дагаад, олон талт харилцаа нэмэгдэж байгаа энэ үед аюулгүй байдлыг хангах ур чадварыг бид нар улам бүр нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
Аюулгүй байдлыг хангах, иргэдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилга гаргаж, баталсан. Энэ дагуу зөвхөн иргэд төдийгүй тэдэнд үйлчилгээ үзүүлж буй төрийн байгууллага, албан хаагчид, дээрээс нь тэдэнд мэдээллийг дамжуулж байгаа хэвлэл мэдээлэл зэрэг бүх нэгжүүдийн оролцоог уялдуулах замаар иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, мэдлэг ухамсрыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой байгаа юм. Мэдээж нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүмүүс цахим хэрэглээг маш их ашиглаж байна.
Бүх л насны ялангуяа манай Монгол улсад бүр хэрэглээ нь маш их байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр иргэдийн мэдлэгийг дээшлүүлэн, боловсролд нь суурилан энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр зорьж байгааг онцлоё.
Ер нь мэдээ мэдээлэлд хамгийн гол нь цензуртэй хандах чадавхыг л иргэн бүрт суулгамаар байна. Тэгээд дуулсан болгон үнэн байдаггүй, харсан болгон үнэн байдаггүй.
Цаана нь байгаа учир шалтгааныг хайж олох тэр чадвар, эргэцүүлэх ухаан гэдэг зүйлийг бид нар иргэддээ олгох талаас нь сургалт явуулъя, мэдээ мэдээлэл хүргэе гарын авлага гаргаж өгье хэмээн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол зорилго нь оршиж байгаа юм. Иргэдийн хамгийн ихээр өргөн хэрэглээд байгаа медиагаар нь дамжуулаад сонирхсон бүлэг болгонд тохирсон мэдээллүүдийг өгье, олон төрлийн арга хэмжээг төлөвлөөд ажиллаж байна.
Яг энэ хөтөлбөрийн хүрээнд гэлгүй ер нь иргэд, зарим хүмүүс яриад байгаа шүү дээ. Хөтөлбөрөөр дамжуулж, энэ чиглэлээр ямар мэдээлэл олж авах вэ гэхээр хамгийн чухал нь мэдлэг, боловсрол.
Ер нь Монгол улс эрх зүйт төрийг бий болгох зорилтыг тавиад олон жилийг үдэж байна. Тэгээд эрх зүйт төрд бол хүн хуульд захирагдаж, хуулийн дор амьдрах ёстой. Ингээд хуулиар хориглосон, хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагааны хүрээгээ мэдэж байх нь бид нар хэдийгээр мэдэх эрхтэй ч гэсэн бусдыг хүндэтгэх хуулинд захирагдах үүрэгтэй.
Тэгэхээр хууль зүйн хувьд хуульч гэдэг утгаараа хэлэхэд хүн ер нь тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг.
Хуулиар олгогдсон эрхээ хязгаартай, үнэ цэнтэй эдлэх, бусдын эрхийг хүндэтгэх, хуульд захирагдах гэдэг асуудал нь иргэн бүрийн нэн тэргүүнд баримтлах ёстой зарчим.
Ярилцсанд баярлалаа.







