
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбараас “Төлчин эмэгтэйчүүдийн чуулган”-ыг өчигдөр /2026.05.25/ зохион байгууллаа.
Чуулганд Дундговь аймгийн 15 сумын 320 төлчин эмэгтэй оролцож, салбарын өмнө тулгамдаж буй асуудал, малчдын амьжиргаа, нийгмийн оролцоо, байгаль орчны асуудлаар санал бодлоо солилцон, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн оролцогчид холбогдох илтгэлүүдийг сонсож, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлсэн юм.
Тус чуулганы нээлтэд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, аймаг орон нутгаас малчдын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зорилт, хийж хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулсан бөгөөд эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбарын тэргүүн болон тэргүүлэгчдэд талархал илэрхийлж, нийт төлчин эмэгтэйчүүдэд баяр хүргэлээ.
Мөн нээлтийн ажиллагаанд БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Түүнчлэн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбарын тэргүүн Ж.Өлзийжаргал Дундговь аймгийн эмэгтэйчүүдийн өнөөгийн байдал, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахдах ажилтан доктор (Ph.D) дэд профессор Б.Баатархүү Гэр бүл нэгэн эрдэнэ, Хүнч, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн хэлтсийн дарга Ж.Батбилэг Малын чанар, сүргийн бүтцийг сайжруулах зөвлөмж сэдэвт илтгэлүүдийг тавьсан байна.
Энэ үеэр Дундговь аймгийн Музей болон гар урчуудын Нүүдэлчин өв соёл үзүүлэн, үзэсгэлэнг дэлгэж, Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний тоглолтыг толилуулав.
Чуулганы үеэр оролцогч эмэгтэйчүүд цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн “Нэг төлчин – Нэг мод” уриан дор мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.






















