
БНСУ-д хүрэлцэн ирж, олон улсын анхаарлыг татаад буй Хойд Солонгосын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Naegohyang клуб БНСУ-ын Сүвон хотод болсон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний финалд Японы Tokyo Verdy клубийг 1:0 харьцаатай буулгаж авснаар аваргын эзэн болжээ.
БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Хойд Солонгосын далбааг мандуулахыг хориглодог ч олон улсын спортын тэмцээн уралдаан зэрэг цөөн онцгой тохиолдолд зөвшөөрдөг тул Naegohyang клубийнхэн далбаагаа мандуулан баяраа тэмдэглэжээ.
Naegohyang багийн ахлагч Ким Кён Ёнгийн тоглолтын эхний хагаст хийсэн гоолын ачаар Хойд Солонгосын Naegohyang баг анх удаа эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Ким Кён Ёнг тэмцээний Хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорчээ.
Тус тэмцээнд түрүүлсэн баг 1 сая ам.долларын шагнал хүртэх журамтай ч Naegohyang клуб шагналын мөнгөө авч чадах эсэх нь тодорхойгүй байна. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нэг ч тогтоолд спортын тэмцээн уралдаанд оролцож ялалт байгуулсан Хойд Солонгосын тамирчдад шагналын мөнгийг өгч болохгүй гэсэн заалт байхгүй ч 2013 онд баталсан тогтоолд Хойд Солонгос руу их хэмжээний мөнгө шилжүүлэхийг хориглох тухай заасан байдаг аж.
Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулснаар Хойд Солонгосын баг ирэх жилийн Эмэгтэйчүүдийн Хөлбөмбөгийн Аваргын цомын төлөөх тэмцээнд оролцох эрхээ авчээ.
Эх сурвалж: BBC







