
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, зам хаах байршил, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Энэ жил марофонд оролцогчид 30 орчим хувиар нэмэгдсэн тул тусламж үйлчилгээний багийг өргөжүүлсэн. Өнгөрсөн жил 15 эмч мэргэжилтэн ажилласан бол энэ жил 31 эмч мэргэжилтэн ажиллана. Нийт 152 хүний бүрэлдэхүүнтэй суурин тав, явуулын таван цэгээр тусламж үйлчилгээ үзүүлнэ. Эмч, мэргэжилтнүүд зохион байгуулагч гэсэн таних тэмдэгтэй байна. Иймд гүйж байхад толгой эргэх, цээж өвдөх, амьсгал давчдах, орон зайн баримжаа алдах шинж тэмдэг илэрвэл заавал тусламж үйлчилгээ авахыг зөвлөж байна.
2025 онд марафонд оролцож буй 534 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Үүнээс шөрмөс татсан 382 буюу 65 хувь, зүрх судасны асуудал үүссэн 54 буюу 10 хувь, амьсгалын замын эрхтэнд бэрхшээл учирсан дөрвөн хүнд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд 12 оролцогчийг эмнэлэгт хүргэсэн.
Марафонд оролцогчид гараанаас хэт хурдтай гүйх, шинэ пүүз өмсөх, өлөн байх, гүйх үедээ хангалттай ус уухгүй байх, эрт кофе уух, барианд оронгуут гэнэт зогсохгүй байхыг хүсье” гэв.







