
БНХАУ-д “Шууд дамжуулалтын цахим худалдааны хяналт, зохицуулалтын журам” 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ.
Шинэ журмаар лайв дамжуулалтаар бараа, үйлчилгээ сурталчлах, борлуулахад оролцдог платформ, хөтлөгч, худалдаа эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон байна. Мөн хуурамч борлуулалт, худал сурталчилгаа, хиймэл үнэлгээ, аккаунтын ашиглалт болон хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентод тавих хяналтыг чангатгажээ.
Иймд БНХАУ-д оршин суугаа болон түр зорчиж буй Монгол Улсын иргэд Live худалдаа эрхлэх, бараа сурталчлах, захиалга авахын өмнө шаардлагатай зөвшөөрөл, бүртгэл болон холбогдох хууль, журмыг нягтлах шаардлагатайг Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас анхаарууллаа.
Журам зөрчсөн тохиолдолд шууд дамжуулалтыг хязгаарлах, аккаунтыг хаах, торгууль ногдуулах болон бусад хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна.
Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар









