
УИХ-ын өргөдлийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Орон сууц худалдан авахтай холбоотой хохирсон иргэдээс ирсэн өргөдөл гомдлын хүрээнд хохирсон иргэдийн хүсэлт, холбогдох мэдээллийн тайлан мэдээг сонслоо.
Энэ хүрээнд Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгийн хэлсэн онцлох эшлэлүүдийг онцлон хүргэж байна.
-Нэг байрыг олон хүнд зарчихсан ноцтой залилангийн асуудал хууль зүйн хувьд ч залилангийн гэмт хэрэг, хүн ёсны хувьд ч ёс суртахуунгүй асуудал. Орон сууцтай болох гээд залилуулчихсан иргэдийн энэ хэрэг дээр шүүх, прокурор түргэн шуурхай хандах ёстой. Төрийн үйлчилгээ ийм хэргүүд дээр гацдаг, уддаг болж болохгүй.
-Энэ олон жил ямар ч хяналт, арга хэмжээ аваагүй, төр нь бодлого гаргаагүйгээс иргэд хохирчихоод байна. Барилгын компаниуд хов хоосон газар дээр, цаасан макет үзүүлж, агаар зарж байгаа мэт иргэдийн насаараа хөдөлмөрлөж олсон мөнгийг авдаг залилангийн талбар болчихоод байхад өнгөрсөн он жилүүдэд салбарын яам юу хийж ирэв ээ.
-Салбарын яамдуудад хэлэхэд Хөлс хүчээ урсган байж олсон мөнгөө орон сууц захиалаад хохирч байгаа иргэдээ хамгаалахад, тэдний асуудлыг шийдэхэд оруулж ирэх хуулийн зорилт чинь байх ёстой шүү. Тэрнээс энэ манай яамны асуудал биш, тэдний асуудал гэж байдлаар хандаж болохгүй.
-Энэ талд иргэд, нөгөө талд өмгөөлөгч дагуулсан компаниуд байна. Явдаг замаар нь явуулна гэвэл хууль цагдаа дээр очиж гацаад байна. Тиймээс иргэдийнхээ эрх ашгийн төлөө Өргөдлийн байнгын хороо, ажлын хэсэг хуваагдаад ажиллахаас өөр аргагүй байдал үүсч байна.
-Дахин төлөвлөлт чухал нь үнэн. Гэхдээ 2012-2013 онд хийгдсэн буруу схемээс болоод энэ төсөл явахгүй иргэд нь хохирсон олон асуудал байна. Ялангуяа газраа өгчихөөд 12-13 жил хүлээж байгаа ная гарсан иргэний асуудлыг шийдэхгүй “Болоогүй ээ” гээд сууж байгаа чинь хүний ёсонд нийцэхгүй. Хүний өмч хөрөнгө болсон газрыг нь чөлөөлүүлж авчихаад ээлж чинь болоогүй гээд газар газраар явуулаад байж болдог юм уу. Эргээд харахад барилгын компаниудад хяналтаа тавьж чадсан уу, бүтээн байгуулалт, газар чөлөөлөлтийн хурд нь зэрэгцэж чадсан уу гээд төрийн алдаатай бодлого байна. Цүнхний энэ олон барилгын компаниуддаа Нийслэл хяналт тавьж чадсан уу. Эргэж харах олон асуудал байна.
-Төрийн бодлого цоорхойтой байсан учраас иргэдээ хамгаалж чадахгүй ийм байдалд хүргэжээ. Юуны өмнө барилгын компаниуд цаас үзүүлээд, агаар зарж мөнгө олж байгаа мэт гэрээ хийдэг байдлыг таслан зогсоох ёстой. Иргэдээс авсан мөнгийг хянаж байх хяналтын механизм заавал байх ёстой.
-Иргэдийнхээ асуудлыг нүд нь балай, чих нь дүлий анзаарч харахгүй дүлий Төр байгаад байж болохгүй.
-Байрыг давхар хоёроос гурван хүнд зардаг асуудлыг Улсын бүртгэлийн хуулиар засах ёстой. Яаралтай хуулийг оруулж ирж, иргэд дахин хохирохоос сэргийлэх хэрэгтэй байна.








Энэ асуудалд хууль шүүхийн байгууллага нь зарчимтай хатуу бодлого баримтлахгүй бол мөрөөрөө амьдарч байгаа олон иргэд хохирогч болсоор байна.