
Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.
–Инфлүүнсэр буюу нөлөөлөгч нар тураах эм, цай, витаминууд рекламдаж, зардаг. Энэ асуудалд та хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Эмийн сан болон эмийн бөөний төвүүд л эм зарах тусгай зөвшөөрөлтэй. Өөрсдөө хариуцлагаа хүлээдэг. Харин хувь хүмүүс эм, витамин зарж байгаа нь хууль зөрчиж буй хэрэг. Хоёрдугаарт тухайн иргэний зарж буй эм, витамин чанаргүй, хулх юм уу гэдэг нь мэдэгдэхгүй. Иргэн эрүүл мэндээрээ хохирвол хэн хариуцлага хүлээх вэ. Нэг кэйс дурдахад хувь хүн зөвшөөрөлгүй эм зараад нэр бүхий иргэн эрүүл мэндээрээ хохирсон байгаа юм. Тэгэхээр үүнийг бид ямар нэгэн байдлаар зохицуулах хэрэгтэй. Харилцаа холбооны зохицуулах хороо руу бичиг явуулчихсан байгаа. Цахим орчинд хувь хүн элдэв витамин, эм сурталчилж, зарахыг хориглоно.
Жоргүй эмийг рекламдахыг зөвшөөрдөг. Гэхдээ зөвхөн эмийн сангуудаар л зарах ёстой.
-Үе үеийн Эрүүл мэндийн сайд эмийн мафитай “байлддаг”. Та ч бас чанаргүй эм худалдаалж буй байдлыг хална гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудал хэр урагштай байгаа вэ?
-Байлдаад байх нь ч юу юм. Миний хувьд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгомоор ажиллаж байна. Эмийн чанар, хүртээмжийг ч гэсэн сайжруулахаар ажиллаж буй. Ямар нэгэн компанийн эрх ашиг надад падлийгүй. Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд л хамгийн чухал.
-Мафи гэж байдаг юм байна уу сайдаа?
-Мэдэхгүй…
-Эмч болгоны өрөөнд байдаг хуруу уншигч төхөөрөмж төрийн нэгдсэн ‘Дан’ системд огт холбогдоогүй. Эмнэлэг дээр ирж тусламж, үйлчилгээ аваагүй аваагүй хүний регистрийн дугаарыг бичээд, эмч өөрийнхөө хурууг уншуулаад л “үзчихлээ” гээд даатгалаас мөнгө аваад байж болохоор байсан гэсэн. Тэгэхээр алдаа хаана байв. Ерөнхий сайд Н.Учрал Цахим хөгжил, инновац, харилцааны холбооны сайдаар ажиллаж байсан хүн. Та үүнийг танхимдаа ил ярьсан уу?
– Үгүй ээ, яагаад тийм байсныг би гайхаад л байгаа юм. Ямартай ч одоо эмнэлгүүдийн хурууны хээ уншигч төхөөрөмжийг ‘Дан’ системд холбосон.
Энд нэг зүйл хэлэхэд 71-ээс дээш насны иргэд заавал өөрсдөө эмнэлэгт очиж хурууны хээгээ уншуулахгүйгээр үр хүүхдээ эмнэлэг рүү гүйлгээд эмчээр жортой эм бичүүлдэг тохиолдол байдаг юм билээ. Ялангуяа орон нутагт.
-Хэд, хэдэн шинэчлэлийг зургаадугаар сарын 1-нээс хийнэ гэсэн. Энэ талаараа яриач?
-Би хоёр зүйл хийж байгаа. Зургаадугаар сарын 1-нд анхан шатны болон лавлагаа шатны эмнэлгүүдийг цахим системээр холбож байгаа. Тэгэхээр иргэдийн шинжилгээний хариуг эмнэлгүүд хоорондоо автоматоор дамжуулдаг болно гэсэн үг.
Хоёрдугаарт, өрхийн эмнэлгүүд маш их тайлан бүрдүүлдэг байсан юм байна. 50 гаруй тайлан бүрдүүлдэг байснаас 38-ыг нь болиулж байгаа. Эмч нар маань хүнээ л үзэж, тусламж үйлчилгээндээ л анхаарна. Энэ тэндээс баахан тайлан нэхэж зовоодог байдлыг болиулж байгаа.







