
Монголын телевизийн салбарт шинэ өнгө төрх, шинэ стандартыг авчирч буй үндэсний хэмжээний “Наадгай” уралдаант шоу нэвтрүүлэг энэ оны тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Тус шоу нь албан ёсоор www.naadgai.mn сайт болон NTV телевизээр цацагдаж байгаа бөгөөд эхний дугаараасаа эхлэн үзэгчдийн анхаарлыг татаад байна.
“Наадгай” шоу нь Монгол орны 21 аймгаас шалгарсан 18-45 насны 100 оролцогчийг нэг дор цуглуулж, ур чадвар, тэсвэр хатуужил, хурд хүч, оюун ухаанаар нь өрсөлдүүлж буй үндэсний хэмжээний анхны томоохон reality форматтай шоу гэдгээрээ онцлогтой.

Тус шоуны хамгийн содон тал нь Монголын уламжлалт тоглоом наадгай, ахуй соёл, эх оронч үзэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг орчин үеийн entertainment форматтай хослуулан үзэгчдэд хүргэж буй явдал юм. Үзэгчид зөвхөн өрсөлдөөн бус Монгол хүний тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадвар, сэтгэл зүй, ур ухааныг нэгэн зэрэг харах боломжтой болжээ.
Мөн “Наадгай” шоу нь ямар нэгэн студи, павильонд бус Монгол орны зэрлэг онгон байгальд бүх зураг авалтаа хийснээрээ бусад шоу нэвтрүүлгээс эрс ялгарч байна. Байгалийн хүнд нөхцөл, бодит орчинд өрнөх даалгаврууд нь оролцогчдоос жинхэнэ тэсвэр хатуужлыг шаардсан бөгөөд шоуны цар хүрээг улам илүү бодит, хүчтэй болгожээ.
Оролцогчдын хувьд Монгол орны өнцөг булан бүрээс бүртгүүлсэн 2000 гаруй хүнээс шигшигдэн сонгогдсон хүмүүс оролцож байгаа нь үзэгчдэд илүү ойр, бодит мэдрэмжийг төрүүлж байна. Тэдний дундаас зөвхөн нэг оролцогч финалд ялалт байгуулж, 150 сая төгрөгийн эзэн болох юм.
Шоуны панелистаар Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг, МУГЖ уран нугараач Э.Лхагва-Очир, дуучин А.Хишигдалай, YouTuber болон content creator Б.Түшиг нар ажиллаж байгаа нь шоуны бүрэлдэхүүнд илүү өнгө нэмжээ.
Эхний дугаар цацагдсан даруйдаа сошиал орчинд хүчтэй хандалт авч, үзэгчид дараагийн дугаарыг тэсэн ядан хүлээж эхэлсэн байна. Шинэ дугаарууд долоо хоног бүр үзэгчдийн хүртээл болох бөгөөд албан ёсны www.naadgai.mn (http://www.naadgai.mn/) сайт болон NTV телевизээр хүлээн авч үзэх боломжтой.









