
Өнгөрсөн даваа гарагт Финляндын мэргэжлийн шумбагчдаас бүрдэх баг шумбалт хийхээр ус руу орж алга болсон Итали улсын 4 иргэний цогцсыг 60 м гүн агуйгаас олжээ.
Өнгөрсөн пүрэв гарагийн өглөө Мальдивын арлуудад аялж байсан Италийн 5 иргэн Мальдивын арлуудын Вааву атоллын шүрэн арлуудыг үзэхээр шумбалт хийжээ.

Өмнө нь далай тэнгисийн судалгаа шинжилгээний ажилд оролцож байсан туршлагатай тэдгээр аялагчид товлосон цагтаа уснаас гарч ирээгүй тул аялагчдыг авч явж байсан усан онгоцны баг энэ тухай хууль сахиулагчдад мэдэгдсэнээр эрэн хайх, аврах ажиллагаа эхэлсэн байна.
Алга болсон шумбагчдын нэг шумбалтын багш Жанлука Бенедеттигийн цогцос эрэн хайх ажиллагааг эхэлсэн даруйд олдсон ба үлдсэн 4 иргэнийг эрэн хайх ажиллагааны үеэр өнгөрсөн бямба гарагт тус ажиллагаанд оролцож байсан Мальдивын шумбагч амиа алдсанаар ажиллагааг түр хойшлуулахад хүрээд байсан юм.


Тэгвэл энэ даваа гарагт Финляндын мэргэжлийн шумбагчид алга болсон Италийн 4 иргэний цогцсыг маш нарийн хоолойгоор холбогдсон 3 том хэсэг бүхий агуйн хамгийн гүнд байрлах хэсгээс буюу 60 м гүн агуйгаас олжээ.
Италийн шумбагчдын цогцос байгаа агуйд хүрэхэд хүндрэлтэй учир аврах багийнхан хоёр иргэний цогцсыг мягмар гарагт, үлдсэн 2 иргэний цогцсыг лхагва гарагт гаргаж авахаар төлөвлөжээ.
Мальдивын арлуудын засгийн газрын албан ёсны төлөөлөгч Мохамед Хоссайн Шарифын мэдэгдсэнээр Мальдивын арлууд мэргэжлийн бус шумбагчдад 30 метрээс гүн шумбахыг хориглодог ба амиа алдсан Италийн шумбагчдад зөвхөн шүрэн арлуудыг үзэж судлах зөвшөөрөл олгосон байсан гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: Bodies of four missing Italian divers located in Maldives sea cave | CNN







