
М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээний аварга боллоо
Монгол Улсын гавьяат тамирчин М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн, Oklahoma мужийн Tulsa хотод болсон “GOLDEN GLOVES”-д оролцож эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд аварга болжээ. Тэрбээр АНУ-д амьдарч байгаа юм. Түүний хувьд өөрийн оршин суугаа Виржиниа, Норт Каролина, Вашингтон DC, Делавэр, Мэрилэнд бүс нутгийг төлөөлөн тулалдсан байна.Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Миний хувьд эхлээд “Хар Чоно” клуб, дараа нь Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр болон Монгол Улсаа төлөөлж тулалдаж байсан бол энэ удаа АНУ-ын Виржиниа, Норт Каролина, Вашингтон DC, Делавэр, Мэрилэнд бүсийг төлөөлөн бусад мужийн тамирчидтай тулалдахаар боллоо.
Амьдралд тохиож буй бас нэгэн сайхан мөч, мартагдашгүй дурсамж мэт санагдаж байна” гэжээ.
МУГТ М.Нандинцэцэг нь сонирхогчдын боксын ДАШТ-нээс хүрэл медаль зүүснээр боксын спортоор дэлхийн дэвжээнээс медаль авсан Монголын ес дэхь, эмэгтэйчүүдээс анхдагч тамирчин болж байв. Мөн тэрбээр энэ амжилтаараа ч анхны эмэгтэй боксын Гавьяат цолтон болж байсан.








