
Оюу Толгойн асуудлаар Монголын Засгийн газар болон Rio Tinto компанийн дараагийн уулзалт, хэлэлцээр өнөө, маргаашгүй эхэлнэ.
УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлүүд үнэхээр хэрэгжсэн үү, эсвэл дахин “хэлэлцээ үргэлжилж байна” гэх ерөнхий тайлбараар асуудлыг замхруулах уу? гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна.
2025 оны сүүлээр УИХ-аас баталсан 120 дугаар тогтоол баталсан.
120 дугаар тогтоол нь монголын талын байр суурийг чангатгаж, Rio Tinto-той шинэ нөхцөл тохирох улс төрийн шахалт, хэлэлцээний мандат. Оюу Толгойн гэрээ, санхүүжилтийн бүтцийг Монголын эрх ашигт илүү нийцүүлэх, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэ тогтоолоор Засгийн газарт тодорхой үүрэг өгсөн бөгөөд үүнд хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөрийг багасгах, ногдол ашгийг ойр хугацаанд хүртээмжтэй болгох, санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд багтсан.
Гэвч өнөөдрийн байдлаар бодит үр дүн харагдсан уу гэвэл эргэлзээтэй байна.
Г.занданшатар Ерөнхий сайд байхдаа Рио тинто-ийн талынхантай уулзалт хийж Монгол Улсын тавьж буй нөхцөлд нийцүүүлэх чиглэлд хэлэлцээ өрнөхгүй бол бид Оюу толгой төслийг зогсоох ч хэмжээнд хүрч магадгүй. Өнгөрсөн хугацаанд Рио тинто-ийн талаас Монгол Улсыг хуурсан мэдрэмж өгсөөр ирсэнд тааламжгүй байгаагаа илэрххийлсэн. Энэ бол Оюу толгой, Рио тинтотой баялгийн эзэн нь мэт зангараг харуулсан анхны дохио байсан.
Харин одоогийн Еррөнхий сайд Н.Учрал ийм хэмжээний зангарагтай Рио-гийн талтай тулж, хэлэлцээр хийж чадах уу гэдэг эргэлзээтэй байна.
Монголын талын хамгийн том шүүмжлэл болсон асуудал бол “өртэй эзэн”-ий тогтолцоо хэвээр үлдсэн. Бид Оюу Толгойн 34 хувийг эзэмшдэг ч бодит өгөөж нь өнөөдрийг хүртэл иргэдэд мэдрэгдсэнгүй. Харин ч хувь нийлүүлэгчийн зээл, түүний өндөр хүү, тасралтгүй өссөн хөрөнгө оруулалтын зардал Монголын талын өрийг улам нэмэгдүүлсэн хэвээр байна.
Анх хэдхэн тэрбум ам.доллараар яригдаж байсан далд уурхайн зардал олон удаагийн нэмэгдлээр өсөж, ногдол ашиг авах хугацаа хойшилсоор ирсэн. Одоо ч “өрөө төлж дууссаны дараа ногдол ашиг өгнө” гэх хуучин байр суурь үндсэндээ өөрчлөгдөөгүй байгаа нь Монголын талын тавьсан гол шаардлагууд биелээгүйг харуулж байна.
Мөн менежментийн төлбөрийн асуудал анхаарал татсаар байна. Монголын тал “Rio Tinto”-гийн авч буй менежментийн зардал хэт өндөр байна гэж удаа дараа шүүмжилсэн ч бодит бууралт, эсвэл олон нийтэд нээлттэй тайлангийн тогтолцоо бүрэн бий болоогүй байна. Өөрөөр хэлбэл Монголын тал хөрөнгө эзэмшдэг ч зардлын бодит бүтцэд бүрэн хяналт тавьж чадахгүй хэвээр байгаа гэсэн үг.
Үүн дээр нэмээд шийдвэр гаргах түвшинд Монголын оролцоо хангалттай юу гэсэн асуудал дахин сөхөгдөж байна. Оюу Толгой бол Монголын эдийн засгийн хамгийн том төсөл атлаа стратегийн томоохон шийдвэрүүд дээр Монголын тал ихэвчлэн “дараа нь мэдээлэл авдаг” бүтэц хэвээр байгааг шүүмжлэгчид хэлдэг. Тиймээс УИХ-ын тогтоолын гол зорилго нь зөвхөн мөнгөний асуудал биш, засаглалын тэнцвэрийг өөрчлөхөд чиглэж байсан.
Гэвч өнөөдрийн нөхцөл байдлыг харахад Монголын талын тавьсан шаардлагуудын ихэнх нь хэлэлцээний түвшинд яригдсаар байгаа болохоос бүрэн хэрэгжсэн гэж хэлэхэд эрт байна. Тэр дундаа ногдол ашиг, өрийн бүтэц, хүүгийн нөхцөл, менежментийн төлбөр зэрэг гол асуудлууд дээр бодит өөрчлөлт хараахан харагдсангүй.
Ийм нөхцөлд удахгүй болох дараагийн уулзалт ээлжит дипломат уулзалт байх уу, эсвэл Монголын тал анх удаа илүү хатуу байр суурь барьж, бодит өөрчлөлт шаардах уу гэдэг анхаарлын төвд байна.
Учир нь Оюу Толгойн асуудал бол ганц уурхайн тухай маргаан биш. Энэ бол Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн удирдах, олон улсын хөрөнгө оруулагчтай ямар тэнцвэрээр харилцах, стратегийн орд дээрээ бодит өгөөж хүртэж чадаж байгаа эсэхийг хэмжих том шалгуур болоод байна.







