
Монголчууд бид жил бүрийн өвөл, зуны улиралд жолоодож буй авто машиныхаа тос, маслыг солиулж, бүрэн оношилгоонд оруулж, тогтмол засвар, үйлчилгээ хийдэг. Өөрөөр хэлбэл гадаад өнгө төрхөндөө өөрөөсөө илүү анхаарал хандуулдаг гэсэн үг. Цаашлаад барьж буй утасныхаа ярианы эрхийг мөн гэртээ үздэг телевизийн кабелийн эрхийг сар бүр л тогтмол төлбөрөө төлөөд сунгуулчихдаг. Учир нь оношилгоо, авто тээврийн үзлэгт хамрагдаагүй авто машинаа иргэн та жолоодож, салхи татуулан давхих гэхээр Цагдаа ахаас “айдаг”. Утас болон кабелийн эрх хаагдахаар хаашаа ч ярьж, холбоо барьж болохгүй, интернэт ертөнцөөр аялахгүй, гэртээ зурагтаа үзэх боломжгүй болчихдог учраас танд “сунгуулах”-аас мөн “оношилгоонд оруулах”-аас өөр гарц гаргалгаа, бас сонголт үлддэггүй…
Аа, харин та өөрөө өөртөө, гэр бүлийнхэндээ хэр хайртай вэ? Эрүүл мэнддээ жил бүр тогтмол анхаарч, наанадаж нэг жилд 1-2 удаа эрт илрүүлэгт хамрагдан, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, оношилгоог бүрэн авч чаддаг уу? Тэгвэл ядаж л өнөөдрөөс, энэ цаг мөчөөс, үүнийг уншиж байгаа л бол яг эндээс эхлэн “Өөртөө хайртай байцгаая”.
Монгол Улсад хорт хавдрын өвчлөл жил бүр өсөн нэмэгдэж, үүний улмаас амь насаа алдаж буй тохиолдол аюулын харанга дэлдэж байна. Ер нь л Монголчууд бид наанаа яриад хэлээд, гүнээ ухамсарлан ойлгоод буй мэт боловч начир дээрээ эрүүл мэнддээ онцгойлон анхаарч, зөв амьдралын хэмнэлийг өдөр тутамдаа хэвшүүлж чаддаг билүү?
Дан ганц манай улсад гэлтгүй хорт хавдрын өвчлөл дэлхийд маш хурцаар тавигдаж буй асуудал…
Харин энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мөн амь насаа алдах эрсдлээс аврагдах боломж бүрэн бий…Гагцхүү Та жилдээ нэг удаа эмнэлгийн байгууллагыг зорин очиж, эрт илрүүлэгтээ хамрагдах л чухал.
Монгол Улсдаа ганцхан байдаг Хавдар Судлалын Үндэсний Төв эмнэлгийг бид зорин очлоо. Гол зорилго нь хожимдвол маш их эрсдэл дагуулдаг, магад амь насанд нь заналхийлдаг, цаашлаад гэр бүл, ах дүү, төрөл төрөгсдийг хамран “Санхүүгийн асар их хүндрэл” учруулдаг энэхүү аюулт өвчнөөс сэргийлэх боломж байна уу, эрт илрүүлгийн дараалал дугаар ямар байдаг талаар дараах сурвалжилгыг бэлтгэхээр тус эмнэлгийн удирдлага болон зарим тасгийн эмч нарын төлөөлөлтэй уулзлаа.

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профессор Ц.Батболд: Иргэн та өөртөө л хайртай бас эзэн нь байгаасай гэдгийг захьж хэлье
-Монгол Улсад хавдрын хяналтад 33 мянга орчим хүн байна. 2025 оны статистик мэдээллээр шинээр 8069 хүн хавдраар өвдсөн байна. Нийт өвчлөлийн зонхилон тохиолдох хавдар гэж байдаг. Тодруулбал,
- Элэг, цөс
- Ходоод
- Уушги
- Цагаан мөгөөрсөн хоолой
- Умайн хүзүү
- Бүдүүн гэдэсний хавдрын өвчлөл зонхилж байна.
Нийт хавдрын тохиолдлын 67,5 орчим хувийг зонхилон тохиолдох хавдрын өвчлөл эзэлж байгаа юм. Эндээс харахад Монгол Улсад хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ ганцхан Монголд биш дэлхийд нэмэгдэх хандлагатай ийм статистик судалгаа, мэдээллүүд байна.
Дэлхийд нэг жилд 20 орчим сая хүн хавдраар өвчлөөд, 10 орчим сая хүн энэ өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байгаа юм. Хавдрын өвчлөлөөс зайлсхийх, өвчлөхгүй байх боломжтой. Хүний биед хавдар үүсгэгч 20 орчим хүчин зүйлүүд нөлөөлж байна. Судалгаагаар үүнийг бүрэн тогтоогоод гаргачихсан.
Нэгдүгээрт тамхи хүнд уушгины хавдар үүсгэдэг, цагаан мөгөөрсөн хоолой, мөн улаан хоолойн хавдар үүсгэдэг. Ингэхээр хамгийн том хүчин зүйл хавдраар өвчлөх шалтгааны эрсдэлт хүчин зүйлийн 40 орчим хувийг тамхи эзлээд байгаа юм. Мөн хоолны дэглэм буюу амьдралын буруу хэвшил. Тэр дотроо жингийн илүүдэл нь мөн уг шалтгааны буюу эрсдэлт хүчин зүйлийн 30 орчим хувийг эзлээд байх жишээтэй. Үүн дээр нэмэгдээд вирусын халдварууд байгаа юм.
Жишээ татаад үзвэл элэгний хавдар Монголд өвчлөлөөрөө ч мөн нас баралтаар ч нэг номерт яваад байгаа юм. Энэ нь 10-20 жилийн өмнө Монгол Улсад тариа тарьдаг шприцээ угааж, буцалгаж хэрэглэдэг байсны гор гарч байгаа юм. Үүнээс үүдэлтэй нөгөө вирусын халдвар элгийг өвчлүүлж, хорт хавдраар өвчлөх шалтгааны нэг болж байна. Энэ вирусын халдвар 10 жилийн дараа буурах ийм хандлагатай. Мөн ходоодны хавдрын өвчлөлийг үүсгэдэг гол үндсэн шалтгаан нь хеликобактери. Хүний умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг шалтгаан нь нөгөө хүний папиллома вирус.
Ингэхээр ард иргэд маань энэ өвчлөлөөс өөрийгөө мөн хайртай гэр бүлээ сэргийлэх боломжийг өөрөө л бий болгоно. Тамхи, архи хэрэглэдэг бол татгалзах, ингэснээрээ л сэргийлж болох хавдрыг тусгахгүй байх боломжтой байгаа юм. Тэгээд дээрээс нь сэргийлж болох хавдраас үүдсэн нас баралт буурах бүрэн боломжтой. Энэ хавдрын өвчнөөс сэргийлэхийн тулд төр засгаас анхаараад буй эрт илрүүлэгтээ бүрэн хамрагдах хэрэгтэй. Сүүлийн 10 жилийн мэдээллийг аваад үзэхэд эрт илрүүлгийн хамрагдалт нийт иргэдийн 38%-тай дундаж байна.
2026 онд Эрүүл мэндийн сайдын тушаал гарч байна. Хавдрын эрт илрүүлэгт орон даяар хийгдээд явах ийм төлөвлөлт гарсан. Иймээс иргэд маань өөртөө хайртай байх, гэр бүлдээ хайртай байх, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулах зайлшгүй хэрэгтэй.
Иргэд та бүхэн хэрэглээнийхээ зардалд 100 хувь анхаардаг. Тэгвэл өөрийнхөө болоод хайртай дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд бүрэн дүүрэн анхаарал хандуулахыг уриалж байна.
Хавдар үүсгэгч эрсдэлийн 20 орчим нөхцөл шалтгаан байна. Хоол хүнс, химийн бодис, мөн нарны туяа зэрэг нэмээд хэлбэл эрсдэлт хүчин зүйл байна. Насны хувьд 40-45-аас дээш насанд эрсдэл өндөртэй болчихдог. Мөн дээрээс нь удамшил нөлөөлдөг шүү дээ. 11 хувь нь удамшлаас үүдэлтэй хавдраар өвчлөх эрсдэл өндөр. Эрт үедээ оношлогдох боломж бүрэн бий. Би ганцхан жишээ хэлье.
Умайн хүзүүний хавдрыг 40-90 мянган төгрөгт багтаан эрт илрүүлээд, эрт үед нь оношилчих боломжтой. Тэр эрт үедээ оношилсон тохиолдолд эмчилгээний зардал багатай болчхож байгаа байхгүй юу. Хэрвээ хожуу үед оношилбол зөвхөн мэс заслын эмчилгээ гэхэд л 4,9 сая төгрөгийн өртөгтэй байх дундаж жишээтэй. Тэгээд цаашаа химийн эмчилгээ, туяа эмчилгээ ороод явбал 100-150 дахин өндөр зардал гараад явчихдаг. Элэгний эрт илрүүлэгт ороод, эрт эмчлэгдэх юм бол бас бага зардлаар эмчлэгдэх боломжтой. Тэгэхээр санхүүгийн сүйтгэл өндөртэй болчихоосоо өмнө энэ хэцүү асуудалд өртөхгүйн тулд өөртөө л хайртай байх нь чухал.
Дээрээс нь энэ чинь ганцхан хувь хүнээс зардал гарахгүй, улс орон, байгууллагад хувь хүний өвдөхөд л даатгалаас гарч байгаа мөнгө ороод явчихна шүү дээ. Тэгэхээр л аль болохоор иргэн та өөрөө өөртөө эзэн нь бай. Эрүүл мэндээ боддог, өөрийгөө маш сайн хайрладаг хүн байгаасай л гэдгийг онцлон хэлье.


ХСҮТ-ийн Амбулаторийн Тасгийн эрхлэгч Н.Батсанаа: Манай эмнэлэгт долоо хоногтоо үзлэг, оношилгоо нийлээд 4-5000 хүн үзүүлдэг
-Амбулаторийн үзлэг 7 хоногтоо 4 мянга гаруй үзлэг хийгддэг. Үзлэг болон оношилгоо нийлээд 4-5000 хүн үзүүлдэг. Нийтдээ ирж буй хүмүүсийн 30% нь анхлан оношлогдоод, орон нутгаасаа ирж байгаа. 40-50 хувь нь оношлогдоод, хяналтад орчихсон, өвөрмөц эмчилгээ, хими, туяа эмчилгээнүүдээ хийлгээд явж буй хүмүүс ирдэг. 10-15% нь өөрийнхөө хүсэлтээр ХСҮТ-д хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд орохоор зорьж ирдэг. Нийт ирж буй иргэдийн 40% орчим нь орон нутгаас ирж байгаа. Мэдээж үзлэг, оношилгооны хувьд харилцан адилгүй. Тухайн өдөртөө үзлэг, оношилгоонд иргэдийг оруулаад явж байгаа ч кабинетууд байна. 7-14 хоног хүлээгдэж буй ч кабинетууд байна. Хавдар судлалын Үндэсний төв эмнэлэг нь үзлэгийн нийт 37 кабинеттай. Мөн оношилгооны давхардсан тоогоор 19 кабинет эмнэлгийн тусламж, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг.
Мэдээж хүлээлт иргэдэд байна. Гэхдээ сүүлийн 2-3 жилийн хугацаанд оочер, дугаар үүнээс үүдсэн чирэгдэл харьцангуй багассан. Аль болох л зориод ирсэн иргэддээ түргэн, шуурхай, цаг алдалгүй эмнэлгийн тусалмж, үйлчилгээ, оношилгоог үзүүлэхээр ажиллаж ирсэн.
Харин компьютер томографын хувьд 14-21 хоног хүлээгдэж байгаа. Бусад үзлэгийн кабинет 7 хоног дотроо зорьж ирсэн иргэдийн 70% нь үзлэг, шинжилгээндээ ороод явж байгаа. Хүлээгдэл гэдгийг бас 2 талдаа ойлгох хэрэгтэй. Хөдөө орон нутгаас оношоо тодруулахаар манай төвийг анх зорин ирж буй хүмүүсийг бид зураас үүсгээд, аль болох л хүлээгдэлгүй, чирэгдэл багатайгаар тухайн өдөрт нь оруулахыг хичээдэг. Харин хяналтын хүмүүс 1 сар, 3, 6 сараар хяналтдаа ирж үзүүлж байгаа иргэд байдаг. Энэ хүмүүс яадаг вэ гэхээр орон нутгаас ирж байгаа учраас 1 сарын дараах үзлэгийн цагаа аваад явах, 3 сарын дараа үзлэгийн цагтаа яг амжиж ирж үзүүлэх ёстой байдаг. Хүн 1 сарын дараа эмчийнхээ хяналтад үзүүлэх ёстой байвал тухайн сарынхаа л цагийг аваад явж байгаа. Энэ бол хүлээгдэл биш юм аа. Ялангуяа анх оношлогдохоор ирж байгаа иргэдийг аль болохоор л бид оочер дугааргүй бас оношийг нь тодруулж өгөхийг хичээж байна. Харин хяналтын хүмүүс бол арай өөр байдаг.


ХСҮТ-ийн Хими эмчилгээний Тасгийн эрхлэгч Я.Замбалгарав: Хавдраар өвчилсөн өвчтөнийг “Багийн ажиллагаа”-гаар эмчилдэг
-Хортой хавдар гэдэг өвчин оношлогдоход тухайн өвчтөнийг бид багийн ажиллагаагаар эмчилдэг гэсэн үг. Тухайлбал, мэс заслын эмч тайрч авч болох нь уу, туяа эмчилгээний эмч гаднаас нь шараад тусгаж болох нь уу? Мөн химийн эмчилгээний эмч ингээд үндсэн 3 эмчилгээнээс гадна багт нийгмийн ажилтан, хоол зүйч, сэтгэлзүйч ажилладаг. Жишээ нь, нийгмийн ажилтан тэр хүнээ нийгэмд, ар гэрт нь юу болж байна, энэ хүн нийгэмшиж чадаж байна уу, үгүй юу гэдэг талаас нь ажилладаг.
Мөн хоол зүйч уг хүний хоолон дээр юу анхаарах ёстой, тэгээд сэтгэл зүйч сэтгэл зүй нь ер нь ямар шатанд явна, яаж анхаарах ёстой гэх зэргээр бүтэн багийн ажилтнууд ингэж ажилладаг гэсэн үг. Одоо хөгжчихсөн улсуудад бол тэр хүний ар гэртэй нь хандах, нийгмийн ажилтан ар гэрийнх нь сэтгэл зүйд зөвлөгөө өгөх, зөвлөн туслах сэтгэл зүйн ажилтан зэрэг ийм өргөн хүрээний том баг ажилладаг. Тухайн ажиллаж байгаа баг маань өвчтөнийг эмчилгээнээс гадна орчин тойрны субъектүүдийг нь эмчилж байна аа гэсэн үг. Иймээс энэ эмчилгээ маш чухал. Химийн эмчилгээний хувьд хэд хэдэн төрөл бий. Ерөнхий том нэрээрээ “Хавдрын системийн эмчилгээ” гэж хэлдэг. Үүн дотроо химийн эмчилгээ гэдэг нь нэг төрөл нь биед орсноороо хортой хавдрын эсийг сонгомлоор үхүүлэх, устгах, эсийн түвшинд үйлчилж устгах ийм үйлчилгээ үзүүлдэг. Ингээд хавдрын эсээ үхүүлж байх хооронд зарим нэг эрүүл эд, эс өртдөг. Цусны эсүүд өртөхөөс тэрнээсээ гадна цус төлжүүлэх эрхтэнд бас нөлөөлдөг. Үүнтэй холбоотойгоор үс унах, арьс хуурайших гэх мэт ийм хордлогын шинж тэмдгүүдээр илэрдэг. Цаашлаад магадгүй тухайн хүнийг хямраах, огиж бөөлжих, дотор муухайрах, магадгүй дархлаа нь суларсантай холбоотой архаг хууч өвчин байвал хөдлөх, сэдрэх гэх мэт ийм шинжүүд өгдөг юм. Энийг манайхан хордлого өгч байна, гаж нөлөө өгч байна гэж хэлж байгаа юм. Тэгэхээр эрдэмтэд дахиад энэ гаж нөлөө өгүүлэхгүй ямар арга байна гээд бас нэг судалгаа хийгдээд хавдрын бай, дархлаа сэргээх эмчилгээ, вакцин эмчилгээ гэх мэт эдгээр эмчилгээнүүдийг нэвтрүүлсэн. Зөвхөн яг хавдрынхаа эс рүү чиглэсэн эмчилгээнүүд байдаг. Тэгээд ингэснээрээ химийн эмчилгээ дээр илрээд байдаг гаж нөлөө, зовууриуд илрэх нь харьцангуй бага. Иймээс хавдрын өвчлөлийг эмчилж чадаж байна. Тэгээд дэлхий нийт энэ эмчилгээ рүү нэвтэрч байна. Монгол Улсын хувьд хэдийнээ нэвтэрсэн хийгдэж байна. Одоогоор бид 16-17 төрлийн бай эмчилгээ, нэг төрлийн дархлааны эмчилгээг хийж байна. Энэ жил ирэх тусам тоо нь нэмэгдэнэ.
Ярилцсанд баярлалаа.







