
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын Ираны дайныг дуусгах төлөвлөгөөнд Ираны талаас өгсөн хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн мэдэгдсэнтэй холбоотойгоор Brent маркийн газрын тосны үнэ 3.8 хувиар өсөж, нэг баррель нь 105.20 ам.доллар, Америкийн газрын тосны үнэ 4 хувиар өсөж, 99.30 ам.доллар болжээ.
АНУ, Израил хоёр өнгөрсөн 2-р сарын 28-нд Иранд цохилт үзүүлж, дайн эхлүүлснээс хойш Тегеран дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийт худалдааны 20 орчим хувь нь дамжин тээвэрлэгддэг Ормузын хоолойн хөдөлгөөнийг хаасан билээ.
Түүнээс хойш дэлхий даяар эрчим хүчний үнэ нэмэгдэж, Вашингтон, Иран хоёр 4-р сарын 8-наас эхлэн галаа зогсоох зөвшилцөлд хүрсний дараа 100 ам.доллароос буугаад байсан газрын тосны үнэ Д.Трампын мэдэгдлийг дараа ийнхүү дахин 100 ам.долларыг давжээ.
Газрын тос, байгалийн хийн үнэ өссөнтэй холбоотойгоор газрын тосны томоохон компаниудын ашиг орлогууд нэмэгдсээр байна.
Саудын Арабын Aramco компанийн орлого 2026 оны эхний 3 сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар нэмэгджээ. Тус компанийн тэргүүн Амин Нассер компанийнх нь газрын тос, хий дамжуулах хоолой нь эрчим хүч нийлүүлэлтийн гол судас гэдгээ баталж, газрын тосны нийлүүлэлтийн доголдлоос сэргийлэхэд тусалж чадсан гэжээ.
Өнгөрсөн сард Их Британийн газрын тосны BP компани 2026 оны эхний 3 сард өмнөх жилийн мөн үеийнхээсээ хоёр дахин их ашиг орлого олсноо мэдэгдсэн бол өнгөрсөн 7 хоногт Shell компани мөн ашиг орлого нь нэмэгдсэн болохоо зарлажээ.







