
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны оршин суугчид ашиглалтын шаардлага хангахгүй, нурах эрсдэлтэй болсон байранд амьдарч байгаа тул зохих арга хэмжээ авч өгөхийг холбогдох байгууллагуудад мэдээлсээр иржээ. Тэгвэл өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар иргэдийн хүсэлтийн дагуу тухайн байршилд ажиллаж, 60-70 жилийн насжилттай, ашиглалтын шаардлага хангахгүй болж, нурах эрсдэлтэй болсон, станцын аюулгүйн бүсэд байрлаж байгаа зэрэг шалтгаанаар 10 байр байгааг буулгана гэж мэдэгдсэн. Хэдийгээр тухайн байруудыг буулгаж, барилгажуулах төслийн тендерийг 20 гаруй удаа зарласан ч сонирхох компани олдоогүй аж. Тиймээс оршин суугчдаас ирж буй хүсэлтийг үндэслэн нийслэлээс тус байруудыг нураахаар болжээ. Тэгвэл нэг байрыг 300 саяар буулгана гэх мэдээлэл зарим шүүмжлэлийг дагуулж байна. Дөрвөн орцтой, 48 айлын, гурван давхар 50-аас дээш жилийн насжилттай хуучны орон сууцыг буулгах жишиг үнэ 250-300 сая байдаг юм байна. Тухайлбал, өнгөрөгч онд СХД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван шарын СТ-4 дүгээр байрыг 250 сая төгрөгөөр буулгаж байжээ. Энэ нь ижил төрлийн, олон өмчлөгчтэй, хуучны барилгыг нураахад ийм хэмжээний зардал гардгийг харуулж байна.







