
УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийж, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 79 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар мэдээллээ. Тус намын зөвлөл өнөөдрийн ээлжит хурлаараа эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл болон цаашид хэрэгжүүлэх бодлогын асуудлыг хэлэлцэж, Эрчим хүчний сайд болон холбогдох албаныхны мэдээллийг хүргэлээ.
Эрчим хүчний сайдын мэдээлснээр, энэ өвөл Монгол Улсын эрчим хүчний оргил ачаалал 1956 МВт хүрэх тооцоололтой байгаа бол улсын суурилагдсан хүчин чадал 1836 МВт байна. Оргил ачааллын үед дулааны цахилгаан станцуудаас 1410 МВт, салхины эх үүсвэрээс 30 МВт, усан цахилгаан станцаас 5 МВт, батарей хуримтлуурын системээс 150 МВт эрчим хүч нийлүүлэхээр тооцжээ.
Ингэснээр 350 орчим МВт-ын эрчим хүчийг урд болон хойд хөршөөс импортоор нөхөх шаардлагатай аж. Монгол Улс БНХАУ-аас 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүч импортлох техникийн боломж бүрдүүлж, холбогдох хуваарилах байгууламжид туршилтын ажил хийсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд урд хөршөөс эрчим хүч импортлоход бэлэн болсон талаар мэдээлэв. Мөн ОХУ-аас авч буй цахилгаан эрчим хүчний импортыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд ДЦС-уудын нийт 20 зууханд засвар хийхээр төлөвлөснөөс есийнх нь засвар бүрэн дуусаж, үлдсэн 11 зуухны засвар 35-85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Харин засварт орох 12 турбо генераторын наймынх нь засвар дууссан бол үлдсэн дөрөв нь 80-85 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 79 хувийн гүйцэтгэлтэй, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа гэв.
Ирэх өвөл цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх чиглэлд ажиллаж байгаа ч тоног төхөөрөмжийн насжилт, элэгдэлтэй холбоотой эрсдэл байгааг Эрчим хүчний сайд хэлсэн байна.
ДЦС-3-ын турбогенератор №9-ийн засвар үргэлжилж байгаа бөгөөд 2028 оны хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин турбогенератор №7-ын засварыг арванхоёрдугаар сарын 15-нд дуусгахаар ажиллаж байгаа бол хугацаа нь дууссан турбогенератор №5-ын шинэчлэлд ирэх оны төсөвт 37 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөсөн байна. Мөн ДЦС-3-ын хүчин чадлыг 300 МВт-аар нэмэгдүүлэх өргөтгөлийн зураг төслийг ОХУ-тай хамтран боловсруулах ажлыг эхлүүлжээ.
Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээ одоогийн хүчин чадлаасаа 50 орчим хувиар илүү байгаа талаар мэдээлэв. Иймээс ДЦС-5, ДЦС-6, Амгалангийн дулааны станцын өргөтгөл, цаашид шаардлагатай тохиолдолд ДЦС-7-ын асуудлыг судалж байгаа аж. Эдгээр эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эрчим хүчний эх үүсвэр барихад олон жил шаарддаг тул судалгаа, зураг төсөл, хөрөнгө оруулалтын ажлыг зэрэг эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа сайд илэрхийлсэн байна. Мөн ДЦС-4-т есдүгээр зуух шинээр барих ажлыг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинтай холбоотой үйлдвэрчний эвлэлийн шаардлагын дагуу долдугаар сард хэлэлцээр хийж, цалингийн санг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус салбарт нийт 17,800 орчим хүн ажилладаг бөгөөд үүнээс 11,500 орчим нь төрийн өмчит компанийн ажилтан аж. Цалингийн нэмэгдлийг хавтгайруулан олгохоос илүүтэй бага цалинтай, ажлын ачаалал өндөртэй инженер, техникийн ажилтан болон залуу мэргэжилтнүүдэд чиглүүлэх бодлого баримталж байгаа талаар мэдээлэв. 2026 оны зургаадугаар сарын байдлаар эрчим хүчний салбарын дундаж цалин 3.75 сая төгрөг байжээ.
Түүнчлэн УИХ дахь ХҮН намын зөвлөлийн долоон гишүүн өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд бүрэн ирцтэй оролцож, төсвийн тодотгол болон хүлээгдэж буй бусад хууль тогтоомжийг хэлэлцэхэд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.










