
АПУ ХК спирт болон шар айраг үйлдвэрлэлийн процессоос үүсдэг дайвар бүтээгдэхүүн болох хаягдал шаарыг дахин боловсруулж, малын тэжээлийн өндөр шим тэжээлт түүхий эд үйлдвэрлэх үйлдвэрийн шавыг тавилаа.

Энэхүү төсөл нь компанийн “Бахархалт Монгол” тогтвортой хөгжлийн 2030 стратегийн хүрээнд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын нэг бөгөөд үйлдвэрлэлийн хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тойрог эдийн засгийг бодитоор хэрэгжүүлэх зорилготой юм.
Тус үйлдвэр нь жилд 165,000 тонн үйлдвэрлэлийн хаягдал шаарыг боловсруулж, 15,000 тонн малын тэжээлийн түүхий эд бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Хаягдал шаар нь малын тэжээлийн өндөр уураг, шим тэжээл бүхий түүхий эд бөгөөд дотоодын тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох стратегийн ач холбогдолтой.
Тус төсөл нь 25 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд 15 сарын хугацаанд хэрэгжиж, олон улсын туршлагатай түншүүдтэй хамтран бүрэн автомат, орчин үеийн технологиор тоноглогдсон үйлдвэр байгуулагдана.

АПУ ХК нь өмнө нь Хаягдал ус цэвэрлэх байгууламж болон Зүүн бүсийн автомат агуулахын төслүүдийг эхлүүлсэн бөгөөд эдгээр бүтээн байгуулалтуудтай уялдан энэхүү Хаягдал шаар, хөрөнгө боловсруулах төсөл нь компанийн тогтвортой хөгжлийн цогц шийдлийг бүрдүүлж байна.



















