
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц нарын маргаанаас болж АНУ-ын Батлан хамгаалахын яам ХБНГУ-д алба хааж буй цэргүүдийнхээ тоог 5000-аар бууруулахаар болжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет ХБНГУ-д алба хааж буй Америкийн цэргүүдийн тоог бууруулах ажил 6-12 сарын дотор дуусна хэмээн мэдэгджээ.
Энэ 7 хоногийн эхээр ХБНГУ-ын канцлер Ф.Мерц их сургуулийн оюутнуудтай хийсэн уулзалтынхаа үеэр АНУ-Ираны дайны сэдвийг хөндөхдөө АНУ Ираны эсрэг ямар ч стратеги, бодлогогүй тэмцэж байгааг онцолж, Ираны удирдлагууд Исламабадад яриа хэлэлцээ хийх гэж очсон АНУ-ын албан тушаалтнуудыг хоосон буцааж, басамжилсан хэмээн ярьжээ.
Үүний хариуд Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээнд Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг дэмжсэн хүмүүсийн нэг нь Ф.Мерц болохыг онцолж, ХБНГУ-ын эдийн засаг, цагаачлал, эрчим хүчний салбарууд муу ажиллаж байгаад гайхах зүйл алга хэмээн бичжээ.
2025 оны 12-р сарын байдлаар Европын орнууд дундаас ХБНГУ-д Америкийн хамгийн олон цэрэг буюу 36 мянга гаруй цэрэг алба хааж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп НАТО-гийн гишүүн орнууд Ормузын хоолойг нээх ажиллагаанд оролцохоос татгалзсан явдалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж, ХБНГУ-аас гадна Итали, Испани улсад алба хааж буй Америкийн цэргүүдээ эргүүлэн татаж магадгүй гэдгээ ч мэдэгджээ.
2020 онд Д.Трамп ХБНГУ-ыг батлан хамгаалахын салбартаа ДНБ-ийхээ 2 хүрэхгүй хувийг зарцуулж байна хэмээн буруушааж, тус улсад алба хааж буй цэргүүдийнхээ 12 мянгыг Европын өөр бусад улс руу илгээх эсвэл эргүүлэн татах шийдвэр гаргасанд АНУ-ын Конгресс хориг тавьж байсан билээ.
Нөгөө талаас Фридрих Мерцийн засаг захиргаа батлан хамгаалахын салбартаа оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр, 2027 онд батлан хамгаалахын салбартаа 105.8 тэрбум евро төсөвлөөд байгаа нь ДНБ-ийх нь 3.1 хувьд хүрээд байна.
Өнгөрсөн онд Вашингтон Румынд алба хааж буй цэргүүдийнхээ тоог бууруулж, АНУ-ын зэвсэгт хүчний төвлөрлийг Европоос Энэтхэг-Номхон далайн бүс рүү шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.
Эх сурвалж: BBC







