
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
“Сая бид БНХАУ руу маш амжилттай айлчлал хийлээ. Уулзалтын хүрээнд БНХАУ-ын зүгээс манайд тогтмол нийлүүлье гэж анх удаа дуугарлаа, мөн зах зээлийн зарчмаар шударгаар үнийн томъёо тохиръё гэлээ. Бид жилд 3 сая тонн орчим газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Үүний гуравны нэг буюу нэг саяыг нь Петро Чайнагаас авах зорилттой одоо ажиллаж байна.
ОХУ болоод БНХАУ Евро-5 стандартын шатахуунтай улсууд. Харин бид хямд үнэтэй бензин авах хүсэлт тавьчихсан байдаг учраас Евро-2 стандарттай шатахууныг ОХУ-аас авдаг. Гэвч одоо биднийг нөхцөл байдал илүү өндөр үнэтэй буюу Евро-5 стандарт руу шилжихээс өөр аргагүйд хүргэж байна. Манай улсын байдлаар нөөц хараахан бүрдэж амжаагүй, хангалтаа таслахгүй байхыг л хичээж байна. Үнэндээ одоо шатахуун оруулж ирж л байвал тэр нь өөрөө амжилт болж байна” гэв.










