
Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Бест буйдан” ХХК-ийн Ерөнхий захирал Үржинжавын Батбаяр оролцлоо. Түүний хувьд үндэсний үйлдвэрлэл тэр дундаа буйдангийн салбарт 36 дахь жилдээ ажиллаж байгаа юм.
Тэрбээр:
Зах зээл дээр “дотоодын үйлдвэрлэл” гэсэн нэрийн дор гадаадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлуулах үзэгдэл нэмэгдэж, жинхэнэ үйлдвэрлэгчдийн хөдөлмөр, нэр хүнд бүдгэрч байгаад сэтгэл дундуур явдгаа хэлсэн юм.
Хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна гэж итгэн худалдан авалт хийдэг ч бодит байдал дээр тэр итгэл, тэр мөнгө Монголдоо үлдэхгүй байх тохиолдол цөөнгүй байгаа тул тэдэнд бодит дэмжлэг хэрэгтэй байгаа аж.
Түүний хувьд олон жилийн турш энэ салбарт ажиллахдаа ашиг хөөхөөс илүү чанартай бүтээгдэхүүн бүтээж, хэрэглэгчидтэйгээ урт хугацааны итгэлцэл, эргэх холбоог бий болгохыг эрхэмлэж иржээ.
“Хямд авсан зүйл эцэстээ хамгийн үнэтэй тусдаг” хэмээн тэр хэлэхдээ, үнэ хямд байх нь сонголтын цорын ганц шалгуур биш гэдгийг сануулсан юм. Чанар, баталгаа, хариуцлага нь худалдан авалтын жинхэнэ үнэ цэнийг тодорхойлдог бөгөөд богино хугацааны хэмнэлт урт хугацаанд илүү их зардал дагуулах эрсдэлтэй. Харин монголдоо байгаа үйлдвэрүүд эргэх холбоотой учир чанаргүй зүйл түгээх эрх байхгүй гэдгээ ч хэлж байв.
Үндэсний үйлдвэрлэгчид ашиг ихтэй мэт харагддаг ч бодит байдал дээр тэд зээл, хөрөнгө оруулалтын дарамт дунд үйлдвэрлэлээ авч явж, бүтээгдэхүүн бүртээ өөрсдийн нэр, итгэлийг шингээж байдаг. Тэдний бүтээж буй зүйл нь зүгээр нэг бараа биш, харин айл өрхийн өдөр тутмын амьдрал, тав тух, дурсамжийн нэг хэсэг болдог онцлогтой.






Ийнхүү түүний орсон “Гашуун яриа” нэвтрүүлгийг та бүхэн ЭНД дарж үзнэ үү.







