
Английн хаан III Чарльз Ерөнхийлөгч Д.Трампад хонх бэлэглэжээ
Английн хаан III Чарльз Цагаан ордонд болсон хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад Дэлхийн 2-р дайны үед Их Британийн Тэнгисийн цэргийн хүчний ашиглаж байсан 1944 оны HMS Trump нэртэй байлдааны шумбагч онгоцны хонхыг бэлэглэжээ. Хаан III Чарльз энэхүү хонх нь хоёр улсын хамтын түүх, хамтын ирээдүйг бэлгэдэж байгааг онцлон, ” Бидэнтэй холбоо барих хэрэг гарвал зүгээр л хонхоо цохичхоорой.” хэмээн хошигножээ.
HMS Trump шумбагч онгоцны нэр, Ерөнхийлөгч Д.Трампын нэр хооронд ямар ч холбоо байхгүй бөгөөд Бакингемийн ордон энэхүү хонх нь хоёр улсын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг хэмээн мэдэгджээ. Өмнө нь хаан III Чарльзийн ээж Английн Хатан хаан агсан II Элизабет 1976 онд АНУ тусгаар тогтносны 200 жилийн ойгоор АНУ-д айлчлах үеэрээ Америкийн ард түмэнд 200 жилийн настай хонх бэлэглэж байсан түүхтэй аж.








