
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.04.20-2026.04.26/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 51 суманд аюулт үзэгдэл, ослын 119 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 233 иргэнийг гаргалаа.
Нийт дуудлагын 99 нь обьектын гал түймэр, 10 нь ой, хээрийн түймэр, 2 нь газар хөдлөлт, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Мөн (2026.04.27-28-нд шилжих шөнө) аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээллийг хүргэе.
Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорноговь аймгийн 2 суманд 3-5 мм цас, бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +12…+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс +7 градусаар дулаарч +16…+18 градус дулаан байна.
Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын баруун өмнөд хэсгээр, 05-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 29-нд нутгийн зарим газраар, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 29-нд нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна. 1, 2-нд ихэнх нутгаар дулаарна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Д-ийн 10х15 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 4х6 метрийн хэмжээтэй гарааш, “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 37 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, эзэмшигч тодорхойгүй 7х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Жаргалант сум Цамбагарав баг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 05:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ын эзэмшлийн 3х5 метрийн хэмжээтэй амбаарын хаалга болон дээвэр хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 34 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор, эд зүйл, дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
– Ойн түймэр: Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Чичин багийн “Чичин” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км-т, сумаас баруун урд зүгт 20 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 17:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн нийт 64 хүн, 6 автомашин, 20 мотоциклтой 3 бүлэгт хуваагдан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Эрчим багийн “Төмөртийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км-т, сумаас урд зүгт 30 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 19:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Мэргэжлийн ангийн нийт 34 хүн, 4 автомашинтай ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.27-ны өдрийн 00:37 цагт цурамд оруулан, мөн өдрийн 12:47 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 2.5 га талбай өртөж шатсан.
Завхан аймаг, Алдархаан сум Богдын гол баг “Ар намшир” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 17 км, сумын төвөөс баруун зүгт 57 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 20:57 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 17 га талбай өртөж шатсан.
Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум Агар баг “Нурангатын ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн нийт 36 алба хаагч, 3 автомашин, 7 мотоциклтой голомтоос 3-4 км зайд голоос мотоциклоор ус зөөвөрлөн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 04.28-ны өдрийн 00:35 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 8 га орчим талбай өртөж шатсан.








