
Дуучин Б.Амархүүг тоглолт хийх үед Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр хүний эрх зөрчсөн гэж ХЭҮК үзжээ
Дуучин Б.Амархүү Увс аймагт тоглолтоо хийх үед тус аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр удаа дараа постоор мэдэгдэл хийхдээ хүний эрхийн зөрчил гаргасан гэж Хүний эрхийн үндэсний комиссоос үзжээ.
Улмаар энэ явдалтай холбоотой шалгах ажиллагааг шуурхай эхлүүлээд байгаа аж. Энэ талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар ntv телевизэд өгсөн ярилцлагадаа “Тухайн иргэн өмнө нь гэмт хэрэгт холбогдож, хууль ёсны шийдвэрийн дагуу хариуцлагаа хүлээгээд дууссан. Гэтэл өмнө ял шийтгэл эдэлж байсан гэх үндэслэлээр урлаг уран сайхны үйл ажиллагаа явуулахад нь саад учруулах, хориглох нь хүний эрхийн зөрчил. Тиймээс Комиссын гишүүний шаардлага хүргүүлнэ” гэдгийг тодотгожээ.








