
Ерөнхийлөгч Д.Трамп гэргийн хамт Английн хаан III Чарльз, хатан Камиллаг Цагаан ордонд хүлээн авав
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хаан III Чарльз, хатан Камилла нар АНУ тусгаар тогтносны 250 жилийн ойг тохиолдуулан АНУ-д хийж буй 4 өдрийн төрийн айлчлал энэ даваа гарагт эхэллээ. Их Британийн хааны агаарын хөлөг онгоц даваа гарагт АНУ-ын нисэх хүчний Эндрюс баазад газардсан байна.
АНУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн хаан III Чарльз, хатан Камилла нарыг АНУ-д алба хааж буй Их Британийн зэвсэгт хүчний албан хаагчдын хүүхдүүд угтан цэцгийн баглаа гардуулж, АНУ-д суугаа Их Британийн элчин сайд Кристиан Тернер, Цагаан ордны ёслолын албаны дарга Моника Кроули нар угтаж авчээ.

Эндрюс баазаас хаан Чарльз, хатан Камилла тэргүүтэй Их Британийн зочид төлөөлөгчид Цагаан ордон руу хөдөлсөн байна. Уламжлал ёсоор Цагаан ордонд хүрэлцэн ирсэн хаан Чарльз, хатан Камилла нарыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, тэргүүн хатагтай Мелания Трампын хамтаар халуун дулаанаар угтан авсан байна.


Хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч Д.Трамп гэргийн хамт Английн хаан, хатан хоёртой цай уусан ба цайллагын дараа Америкийн төрийн тэргүүн зөгийний аж ахуйг дэмжигч гэдгээрээ алдартай хаан III Чарльзд Цагаан ордны арын цэцэрлэгт байрлах зөгийн аж ахуйгаа үзүүлжээ. Английн хаан III Чарльз гэргийн хамт АНУ-ын төрийн тэргүүнтэй Цагаан ордонд цай уусныхаа дараагаар Вашингтон дахь Их Британийн элчин сайдын яамны цэцэрлэгт болсон хүлээн авалтад оролцсон байна.
Тус хүлээн авалтад Англи, Америк хоёр улсын улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, байгаль орчны салбарынхан, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байгууллагууд зэрэг 600 орчим зочин уригдсан аж.










