
Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньез Америкийн реппер Канье Уэстын ирэх 6-р сард Францын Марсель хотод хийх тоглолтыг хориглохоор төлөвлөжээ. Эх сурвалжийн мэдээлснээр энэ нь Канье Уэстын өмнө нь еврейчүүдийн эсрэг үзэл бодол илэрхийлж, Адольф Гитлерийг шүтэн биширдэг тухайгаа ярьж бичиж байсан зүйлтэй холбоотой аж.
Их Британи улсын нийслэл Лондон хотод жил бүр зохион байгуулагдаж ирсэн реп, хип-хоп хөгжмийн Wireless наадам тус улсын эрх баригчид Канье Уэстыг улсынхаа хилээр нэвтрэхийг хориглосноос болж цуцлагдсан билээ. Канье Уэст Wireless хөгжмийн наадмын гол артистаар зарлагдсаны дараа Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг асуудалд сэтгэл маш ихээр зовж буйгаа онцолж байсан юм.
Францын Дотоод хэргийн сайд Л.Нуньез өнгөрсөн 7 хоногт Марсель хотод хийсэн айлчлалынхаа үеэр Канье Уэстын тоглолтыг хориглох талаар орон нутгийн захирагч, Марсель хотын дарга нартай ярилцаж зөвлөлдсөн аж.
2025 оны 2-р сард Канье Уэст өөрийн сайт дээр нацист тэмдэгтэй футболканууд борлуулж эхэлсэн ба тухайн оныхоо 5-р сард Heil Hitler нэртэй дуугаа цацсан юм. Тус дууг нь хөгжмийн томоохон платформууд цацахыг хориглож, удалгүй Канье Уэст харамсаж буйгаа илэрхийлэн, зохисгүй үг үйлдэл гаргахад нь түүний хоёр туйлт сэтгэцийн эмгэг нөлөөлсөн гэжээ.








