
Хаврын зөөлөн салхи сэвэлзсэн налгар нэгэн өдөр бид “Гашуун яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Ардын жүжигчин С.Батсүхтэй уулзаж, амьдралынх нь нугачаа, уран бүтээлийнх нь оргил, хүнийх нь дотоод ертөнцийн тухай илэн далангүй хөөрөлдлөө.
Би одоо л гавьяатын дайтай боллоо
1993 онд намайг дөнгөж ганц кассет гаргаад, өөрийгөө олох гээд, дөнгөж цухалзаж байхад гавьяат өгчихсөн шүү дээ. Тэр үед бол баярласан, гоё санагдсан. Гэхдээ дотроо бол “би үнэхээр гавьяатын дайтай юу” гэсэн бодол байнга явдаг байсан. Хүн өөрөө өөрийгөө мэднэ шүү дээ.
Тэгээд 2016 онд зургаагийн давааны өмнөхөн төрсөн өдрийнхөө VIP тоглолтыг хийж байхдаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайг урьж, гавьяатынхаа тэмдгийг дахиж зүүлгэсэн юм. Дахиж зүүлгүүлээд “одоо л гавьяатын дайтай боллоо” гэж өөртөө хэлж байсан. Тэр үед л дотор тайвширч байгаа юм. Тэрнээс хойш 2021 онд Ардын жүжигчин цол авч байсан. Тэгэхэд амьдралын замналын нэг үе дуусаж, дараагийн шат руу орж байгаа юм шиг санагдсан.

Тэнэг хүн тэмдэгт дуртай
Манай аав намайг бага байхад нэг үг хэлчихсэн юм. Манай аав Орост сургууль төгссөн, тухайн үедээ их боловсролтой хүн байсан. Тэгээд “тэнэг хүн тэмдэгт дуртай” гэж хэлсэн. Тэр үг л надад их нөлөөлсөн. Тэрнээс хойш би нэг их тэмдэг зүүх дуртай биш болсон.
Хүмүүс энгэр дээрээ соёмбо зүүдэг, төрийн далбаа шиг юм зүүдэг. Би ч гэсэн заримдаа зүүдэг л дээ. Зарим үед С.Ренчинпагма миний дээл нь дээр зүүчихсэн л байдаг. Гэхдээ нэг л дотроо эвгүй, сэтгэл зовоод байдаг.
Төрийн том шагналыг хүндэтгэж байгаа. Гэхдээ тэрийг хамаагүй зүүгээд, байнга гайхуулаад яваад байж болмооргүй санагддаг.
Яагаад ч юм, нэг л болохгүй. Өчнөөн олон жил энэ урлагт явсан хүмүүс зүгээр Соёлын тэргүүнтэйгээ л явж байна шүү дээ. Тэгэхэд би ингэж зүүгээд явах нь зөв үү гэж бодогддог.

Хүн өөрийнхөө хүчинд биш сайхан хүмүүсийн хүчинд явдаг
Ер нь хүн өөрийнхөө хүчинд яваад байдаг юм биш шүү. Миний хоёр хүүхдийн ээж намайг гавьяат болгосон хүн. Тэр хүний хүчинд явж байж би тэр шагналыг авсан. Дараа нь С.Ренчинпагма маань ч гэсэн, бурхны зараалаар ирсэн юм шиг л байдаг. “Энэ амьтныг жоохон дуулуулаад явуулаад өгөөч” гээд ирсэн юм шиг. Ингээд бодохоор хүн сайхан хүмүүсийн хүчинд л явдаг юм байна.
Өөрийнхөө хүчинд явж байна гэж бодож байвал худлаа шүү. Хүн бол сайн ханьтай байж, зөв хүмүүстэйгээ харьцаж явж байж, тэдний хүчинд л энэ амьдралыг бүтээдэг. Миний хувьд бол надтай дандаа сайхан хүмүүс таарч явсан.

Амьдралд таарсан гурван салаа зам
Амьдралд надад гурван том салаа зам таарсан. Эхэндээ би олны хэсэгт тоглодог байсан. Сүүлдээ “гол дүрд тогломоор байна” гэж бодож эхэлсэн.
Тэгээд нэг сонголтын өмнө ирсэн. Завханы театртаа байх уу, Хөвсгөлийн Баянзүрх рүү явж өөр амьдрал эхлэх үү гэж. Тэгээд би Завханы театрыг сонгосон. Зөв байсан. Тэр л миний суурь болсон.
Дараа нь дахиад нэг салаа зам. Цагаа бүртгүүлээд, цалингаа аваад тайван явах уу, эсвэл чөлөөт уран бүтээлч болох уу гэж. Тэгээд би чөлөөт уран бүтээлч болсон. Тэр бас зөв байсан. Баталгаагүй, хэцүү байсан ч яг өөрийгөө олсон зам байсан.
Гурав дахь салаа зам бол жоохон хэцүү. Хоёр хүүхдийнхээ ааваар байх уу, эсвэл С.Ренчинпагмын “чанга гар”-т орох уу гэж. Тэгээд би чанга дэглэмтэйг нь сонгосон. Тийм болохоор өнөөдөр та нарын урд ингээд зогсож байна. Хэрвээ жирийнийг нь сонгосон бол аль хэдийн тэнгэрт дэвшсэн байх аа. Яг үнэндээ амьдрал тийм л байдаг.

Би хамгийн баян хүн
Одоо бодоход надад айхтар хөрөнгө байхгүй. Гэхдээ сайхан унаа байна, унтах дулаан гэр байна, дуугаа бичих студи байна, сайхан шавь нар байна. Үзэгчид байна. Би хамгийн баян хүн юм байна шүү дээ.
Гараад л дэлгүүр орохоор хүмүүс инээгээд, зураг авхуулъя гээд ирдэг. Тэр хүмүүсийн дулаахан царайг хараад явж байна гэдэг чинь өөрөө аз жаргал. Үүнээс өөр аз жаргал гэж юу байх вэ.
Тэгэхээр бид юугаар хариулах ёстой вэ гэхээр нэг ч гэсэн сайхан хүн бэлдэж өгөх, үзэгчдэдээ зөв мессеж өгөх, дараагийн үеийн монголчуудад үлгэр болох хэрэгтэй гэж боддог.

Миний дуунуудад амьдрал маань бичигдсэн байдаг
Миний дуунуудыг эхнээс нь сонсвол “С.Батсүх ийм юм туулсан байна” гээд шууд л харагдана.
Өмнө нь гунигтай, дурсамжтай дуунууд их байсан. Одоо хүмүүс тэрийг сонсоод дурсаж байна. Харин одоо бол илүү цагаахан, аз жаргалтай, баяр баясгалантай дуу дуулж байна. Энэ бас цаг үеийн шинж байх.

‘Оддын өвчин’ тусаж явсан үе бий
Би амьдралынхаа үеүүдийг бөхийн даваагаар боддог. Нэг, хоёрын даваа бол мөрөөдлөөр дүүрэн үе. Гурвын даваан дээр төрдөө гэнэт үнсүүлж “оддын өвчин” туссан.
Дөрвийн даваанд дотор талаасаа спиртээр, гадна талаасаа сониноор балбуулж байж арай гэж ухаан орсон. Өөрийнхөө мэхэнд ойчих гээд, өргөн түмнээр түшүүлж байж давсан үе ч бий.
Энэ хорвоо өөрөө арван даваатай даншиг наадам шиг. Би төрсөн өдрийнхөө VIP тоглолтоо тийм маягаар, хөлийн цэцтэй, арван ширээтэй, яг бөхийн жаягаар хийдэг. Амьдрал өөрөө тийм юм байна.

Таны өрсөлдөгч, дайсан, найз та өөрөө
Тэгээд эцэст нь хэлэхэд, танай сайтаар намайг үзэж, уншиж байгаа хүмүүст хэлэхэд таны өрсөлдөгч та өөрөө шүү. Таны дайсан ч та өөрөө. Таны хамгийн дотнын найз чинь ч та өөрөө.
Өөртэйгөө уулзаж бай.
Ялангуяа Улаанбаатарт хүн өөртэйгөө уулзах завгүй явсаар байгаад дуусчихдаг. Өглөө сэрээд өөртэйгөө уулз. Орой унтахдаа бас өөртэйгөө ярь.
Би хэн байсан бэ, одоо хаашаа явж байна вэ гэдгээ бодож бай. Мөнгө, эрх мэдэл хоёр хүнээс өөрийг нь холдуулдаг тал байдаг шүү. Тийм болохоор өөрийгөө хянаж, өөрийгөө чагнаж амьдраарай.
Түүний хэлсэнчлэн хүн сайхан хүмүүсийн дунд, тэдний хүчинд өсөж явдаг, харин тэр дундаас өөрийгөө алдахгүй авч үлдэх нь л хамгийн чухал. Эцэст нь үлддэг зүйл нь нэр алдар биш харин хүний сэтгэлд үлдсэн дулаан мөр, өөрийнхөө өмнө ичихгүй амьдарсан тэр зам юм.









