
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өглөө 10:00 цагт эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг явуулах байлаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин хүсэлт гаргасан тул УИХ-ын дарга С.Бямбацогт ажлын нэг хоногийн завсарлага өглөө. Ингэснээр уг хуулийн хэлэлцэх эсэх санал хураалтыг ирэх долоо хоногийн пүрэв гарагийн чуулганы хуралдаан хүртэл хойшлууллаа.
Учир нь өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал үргэлжлэх тул АН-ын бүлгийн гишүүдийн ирц хангалтгүй байгаа юм. Мөн УИХ дахь АН-ын бүлэг дээрх хуулийн төсөлтэй сайтар танилцаж, бүлэг дотроо хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн учраас завсарлага авч байгаа гэж тайлбарлалаа.








