
Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр төрийн ордонд хэвлэлд ярилцлага өгөхдөө өөрийн танилцуулж, уншсан бичигт Төрийн нууцын тамгатай болохыг өөрөө хэлж, зог тусав.
Тэрбээр яриа өгөх үедээ өөрийн барьж явсан бичгийг эхнээс нь уншиж танилцуулж байгаад, “Өө, энэ чинь нууцын тамгатай юм байна. Тэгээд би задлахгүй байгаа юм байна. Ер нь агуулга нь бол… ” гээд яриагаа үргэлжлүүлсэн юм.
Нууцын тухай хуулийн 5.1.11-т “Төрийн болон албаны нууцыг задруулах гэж мэдээлэх, дамжуулах, үзүүлэх, хэвлэн нийтлэх болон бусад арга замаар төрийн албаны нууцтай танилцах эрхгүй этгээд хүрсэн байхыг хэлнэ” гэж заасан байдаг.
Төрийн нууцын дардас бүхий бичгийг авахдаа хэн, ямар зорилгоор хэзээ авсан зэрэг нарийвчилсан тэмдэглэл хөтөлж олгодог. Засгийн газрын хуралдаанаас гарч явсан Б.Энхбаяр сайд төрийн нууцын тамгатай бичиг цаасыг барьж яваад хэвлэлд уншаад яриад өгчихөж байгаа нь Нууцын хууль, Төрийн нууцйн тамгатай бичигтэй танилцах журам зэргийг нэг дор зөрчсөн үйлдэл боллоо гэж олон нийт шүүмжилж байна.
Тухайн нууцын тамгатай бичгүүд нь “Бодь” группт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэх эрхийг Эрдэнэс Тавантолгойгоос олгож байсан 2019 оны шийдвэр, тушаалууд байж таарсан.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэвлэлд ярихдаа:
“Анх ярихаар нь энэ юун асуудал яриад явчихав аа гээд. Тэгсэн чинь ЭТТ ХК–ийн ТУЗ–ийн 2019 оны 9 сарын 9-ний өдрийн 47 дугаар тогтоолоор Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах ашиглахад шаардагдах хөрөнгийн санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг зөвшөөрсүгэй. За ингээд 1 дүгээрт 1.1 заалт энэ 3 заалттай тогтоол байгаа. За байж байгаарай. Энэ нууцын тамгатай байгаад байгаа юм байна. Тэгээд би гаргаж чадахгүй байгаа юм байна. За ер нь агуулга нь байна шүү дээ. 2019 оны 9 сарын 9-ний өдөр. Энэ 47 дугаар тогтоол гэдгээр ЭТТ компанийн ТУЗ шийдвэр гаргаад ЭТТ–н тухайн үеийн захирал Б.Ганхуягийг Тавантолгой Төмөр зам компанийн захирал байсан Удаанжаргал Төмөр замд Гашуун сухайт чиглэлийн далан шорооны ажил ийм юу байсан шүү дээ. Нөгөө овоолсон шороо мороо гэж яриад байдаг тэ? Энийг одоо гүйцээн болгуулах энэ санхүүжилтийг шийдвэрлэсэн. Ийм тогтоол гарсан юм байна.”
Б.Энхбаяр сайдын төрийн нууцын тамгатай бичгээ хэвлэлийнхэнд уншиж өгч буй энэ үйлдэл төрийн нууцыг задруулж буй үйлдэл мөн гэлтэй.
Үүний цаана хуулийн дагуу хулгайтай тэмцэнэ гэж лоозогнон явсан сайд өнөө өөрөө хуулиа зөрчөөд, төрийн нууцаа хэвлэлээр задлаад явж байгаа нь Н.Учралын Засгийн газрын ирээдүйг эмзэг болголоо.







