
АНУ болон Иран улс галаа зогсоох амлалтдаа хүрч, Ираны дайн зогссон ч газрын тосны нийлүүлэлт хэвийн хэмжээндээ очиход багагүй хугацаа шаардагдах тул Австралийн засгийн газар бензин болон дизель түлш өндөр үнээр худалдан авч нийлүүлж буй Австралийн эрчим хүчний хоёр том компанийн санхүүгийн батлан даагч нь болохыг зөвшөөрчээ.
Ampol болон Viva Energy компаниудын батлан даагч болсноор Австралийн засгийн газар сүүлийн долоо хоногуудад бензин болон дизель түлшнийх нь нөөц дууссан орон нутгийн болон фермийн аж ахуй төвлөрсөн бүс нутгийн шатахуун түгээх станцуудад нэн түрүүнд бензин, түлш хуваарилах боломжтой болжээ.
Ерөнхий сайд Э.Албанезын хэлснээр Австралийн засгийн газар нэн түрүүнд Австралийн бензин болон дизель түлшний хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч эхлээд байгаа аж.
Түүнчлэн Австралийн Ерөнхий сайд Э.Албанез Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Сингапур улсад айлчилж, Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонгтой уулзаж ярилцана гэжээ.
Австрали улс нь Сингапурын эрчим хүчний салбарын стратегийн гол түнш бөгөөд Сингапур улс шингэрүүлсэн байгалийн хийн нийт хэрэглээнийхээ 40 орчим хувийг Австрали улсаас импортолдог байна.
Сингапур улс нь Азийн газрын тосны худалдааны гол төв бөгөөд Австрали улс импортын газрын тосныхоо 26 хувийг Сингапур улсаас импортолдог аж.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News







