
Монгол Улсад төрийн болон орон нутгийн өмчийн тухай ойлголт сүүлийн 30 жилийн хугацаанд гажуудсан хэвээр байна. Иргэдийн дунд “төрийн өмч гэхээр даргын өмч” гэх хандлага тогтсон нь энэ хуулийн хэрэгжилт бодит үр өгөөжөө өгч чадаагүйг илтгэнэ. Ийм нөхцөлд төрийн өмчийг зөв удирдах, шударгаар хуваарилах, нийтэд өгөөжтэй байлгах суурь шинэчлэл зайлшгүй шаардлагатай болоод байна.
Засгийн газраас Нийтийн өмчийн тухай буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийг сайжруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг ахлан ажиллаж байна.
-Нийтийн өмчийн тухай хуульд шинэчлэл хийх гээд эхний хэлэлцүүлэг одоо явагдаж байна. Судлаачдын байр суурийг сонсоход маш их өөрчлөлт байна, ангилал нь яах юм, хариуцлагын механизм орох эсэх, бүртгэлийн тогтолцоо гээд хуулийн төсөлд нэлээн шинэчлэл хийх хэрэгцээ байна?
-Энэ хууль Монгол Улсын байгалийн баялаг, Монгол Улсын төсөв татвар төлөгчдийн мөнгөөр үүсэж байгаа нийтэд үр ашгаа өгч байх ёстой баялаг яаж зөв удирдлагад орж нийтэд ашгаа өгч байх ёстой вэ гэдэг суурь ойлголт.
Төрийн өмч, орон нутгийн өмч гэхээр иргэдэд “аан нэг даргын л өмч биз” гэсэн ойлголттой байгаа, энэ ойлголтыг өөрчилж энэ бол нийтэд ашиг тусаа өгч байх өмчийн тогтолцоо юм аа, дан өмч гэж ярих нь буруу энэ бол шударга ёсны тухай л асуудал, иргэд татвараа төлж тухайн татвараар үүсэж байгаа өмч хөрөнгө яагаад иргэдэд өгөөгүй байна гэдэг суурь гогцоо энэ хуульд тусгагдсан байгаа.
Энэ хуулийг анх 1996 онд батлаад одоо 30 жил болж байна. Хуулийн хэрэгжилт ямар байгааг иргэдийн байр сууриас ойлгож болохоор байгаа, “төрийн өмч гэхээр даргын л өмч надад падлий байхгүй” гэж боддог тэгэхээр энэ бол иргэдэд үр өгөөжөө өгөөгүй л хууль байсан.
Өнөөдрийн хэлэлцүүлэг дээр гарч байна, нийслэлийн өмчийн газрыг бид нар яаж хувьчиллаа, нийтэд үйлчилж байх ёстой сургууль, цэцэрлэгийн ойр орчим эрдэнэсийн сан байдаг юм уу, тусгай үнэт эдлэлүүд маань хэн хүний гараар гараад явчихсан ийм асуудлууд байгаад байгаа.
Үүнийг бид харахаар ерөөсөө хариуцлага байхгүй “цоорхой” сав дотор баялгаа хийгээд байсан байна, энийг байхгүй болгохгүй бол Монгол Улсад үр өгөөжөө өгсөн асуудал байхгүй эцэст нь баялгийн хуваарилалт буюу шударга ёс хангагдахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа. Тэгэхээр энэ бүхнийг одоо зогсооё, засъя үүний эхлэл цэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулга байна гэж харж байна.
-Одоо байгаа төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бүтэц ч юм уу, статус энэ хуульд хамаардаг уу, өөрчлөлт орох уу?
-Хамаарч байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалт бид нар чинь төрийн өмчийн хороотой байж байгаад бодлого зохицуулалтын гээд явлаа. Одоо үүгээр дахин төрийн өмчийн хороо гэдэг бүтэц байгуулах гэж байна. Хороо байгуулах юм бол энэ нь өөрөө хариуцлагатай байх ёстой.
Хариуцлага, хяналтын механизм нь яаж байж орон нутаг, энэ тэнд байгаа өмчүүдээ бүртгэж түүнийгээ үнэгүйдүүлэхгүй байх, үнийг нь худлаа мэдэгдэхгүй байх гэдэгт хяналт тавьж байх ёстой.
Үүнд тухайн асуудлыг хариуцах байгууллагын тогтолцоо, статусын хувьд ч гэсэн энэ хуульд орж байгаа гэсэн үг.
Орон сууцны хувьчлал л иргэдэд өгөөжтэй, үр дүнтэй хувьчлал байсан
-Таны хэлсэнчлэн төрийн өмч гэхээр иргэд даргын өмч гэж боддог гэсэн шүү дээ. тэгэхээр төрийн өмчийн хувьчлалын асуудал 30 жилийн өмнөх хуулиараа явж байсан гэхээр энэ 30 жилийн хугацаанд юу, юу өөрчлөгдөв, мэдээлэлд ойрхон байгаа хүмүүс нь дарга нарынх гээд ойлголт авчихсан байх жишээтэй. Тэгэхээр хувьчлал дээр бас олон улсын жишиг оруулж ирэх үү, иргэдэд нээлттэй болох уу?
-Төрийн өмч гэхээр иргэд маш их мэддэг 90-ээд оны ягаан, цэнхэр тасалбар байсан. Миний ч хүүхэд байх үед аав ээж нар ягаан, цэнхэр тасалбартай өмчтэй болчихлоо гээд хөөрч байсан боловч төд удалгүй тэр нь ямар ч ашиггүй цаас болчих жишээтэй. Орон сууцжуулалт байна, төрд байсан орон сууцыг иргэдэд хувьчилсан шүү дээ. Иргэдэд нэг өгөөжтэй, хүртээлтэй, мэдээлэлтэй өмч хувьчлал гэвэл зөвхөн энэ л байгаа.
Үүнээс хойших өмч хувьчлал зөвхөн мэдээлэлд ойр байсан, хаана ямар баялаг, нөөц боломж байна гэдгийг мэдэж байсан хүмүүсийн хувьд л өмч хувьчлал болсон гэж бодож байна. Тэр болгон иргэдэд хүртээлгүй байсан.
Өмч хувьчлал дөрөв, таван үе шатлалаар явсан юм байна билээ. Хамгийн эхнийх нь иргэдэд жоохон ойр байх гэсэн ягаан, цэнхэр тасалбар, орон сууцжуулалт дараагийнх нь 1996 онд энэ хууль гараад төрийн мэдээлэл дээр хэвлэгдэж амжаагүй байхад нь өмч хувьчлалыг явуулсан асуудал байдаг, энэ үеэр томоохон үйлдвэр гэж бодож байсан, томоохон компаниудаа Монгол Улс хувьчилсан. Тухайн үед байсан гутлын үйлдвэр одоо байгаа юм уу, байхгүй, дараа нь нэлээн биежсэн компаниудаа хувьчилсан үе байдаг. Бид нар нийслэл дээр ажиллаж байхад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асуудал яригдаж байсан.
Тийм том, баяр наадмаа хийдэг талбайн хүрээлэнгийн хувьчлалыг маш үнэгүйгээр буюу хоёр хувийн 400 мянган төгрөг гээд хувьд илүү давуу эрх олгоод тэрнээс хойш төр хяналтаа тавьж чадаагүй болохоор залилангийн схем болоод буй явдал.
Дараагийн үе шат бол менежментийн хувьчлал гэдэг үе шат орж ирсэн циркийн жишээг бид бүгдээрээ ярьдаг шүү дээ. Менежментийн хувьчлал гэж аваад хэзээ ч зорилгоор нь ашиглахгүй нийтэд хүртээлгүй объектууд болгочихсон. Энэ бол маш эмзэглэм, хүүхдийн, нийтэд үйлчилж байх ёстой театр, Ард кино театрын асуудал байна гээд одоо тэнд нь юу байгаа юм зүгээр л том том барилгууд л үүсэж байна шүү дээ.
Энэ мэт хувьчлалын гашуун түүхийг бид давтахгүйгээр зогсоох ёстой, уг хууль Засгийн газраас орж ирэхдээ өмч хувьчлал гэдэг нэг ч үггүй орж ирсэн. Тэгээд асуусан чинь одоо бараг хувьчлаад байх өмчгүй болсон гээд байгаа. Үгүй байхгүй юу, энэ өмчүүд чинь бүгд төрийн өмчит компани гэдэг байдлаар ард түмний баялаг оччихсон байгаа.
Ийм хариуцлагагүй байж болохгүй үүнийг олон улсын жишгийн дагуу хяналт тогтоох механизмыг шинээр тогтооно гэдэг зорилгоор нэмэлт судалгаагаа хийж байгаа.
“Чөтгөр” детальд нуугддаг
-Төсөл анх Засгийн газраас орж ирсэн. Салбарын судлаачид уг төсөлд сэтгэл хангалуун бус байгаа нь харагдаж байна.
-Энэ өөрөө маш том хууль Засгийн газрын хэрэг эрхлэх, хууль зүйн яам дээр цөөхөн хэдэн судлаачид маш их цагаа гаргаж хийсэн. Энэ суурь хууль учраас олон талын мэдлэг, судалгаа бодит байдлаа харах ёстой.
Эхний шатанд боловсруулаад оруулж ирэх нь чухал харин УИХ-ын хувьд олон нийтийн саналыг аваад бодит жижиг деталиудыг “чөтгөр” детальд нуугддаг гэдэг шүү дээ.
Төрийн өмчийг бид нар шилжүүлэх, ашиглуулах, түрээслэх гэж байгаа бол ямар зарчим барих юм гэдэг нарийн зүйлс дээр УИХ маш сайн анхаарч илүү чамбайруулах ажлыг хийнэ гэж харж байгаа.
-Засгийн газар төрийн өмчийн компаниудаа тодорхой хувийг нь өгч хувьчлах эсвэл бүтнээр нь хувьчлах жагсаалт гаргаж явдаг шүү дээ, энд ямар нэг өөрчлөлт орох уу?
-Хуулиа өөрчлөх юм бол Засгийн газар жагсаалтаа гаргахдаа хүртэл юуг нь хийж чаддаг юм, чадахгүй юу гэдэг шалгуур үзүүлэлт гарч ирнэ гэсэн үг. Хэн дуртай нь энийг авмаар байна, тэрийг авмаар байна гээд “шидэт уут” шиг энэ банк ч минийх энэ барилга ч минийх гээд аваад явчихдаг байдлыг халахын тулд л суурь хуульд хариуцлага, шаардлага, үнэлгээ бүх механизм хуулийн зарчмыг тусгаж өгч байгаа юм.
Тийм юм байхгүй байсан болохоор л үүнийг зогсоох хууль л гэж хэлмээр байна.
М.Солонго







